Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгаан эрчим хүчний асуудал хүндэрч эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр “ОХУ-аас манайд нийлүүлдэг байсан эрчим хүчний хэмжээ буурах болсонтой холбоотойгоор маргаашаас эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрлээ. Оросын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан. Хэзээ хэвийн хэмжээнд хүрэхийг хэлж мэдэхгүй. Байдал ингэж хүндэрч байгаа болохоор маргаашаас эхлэн эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлахаас аргагүй боллоо. Нэг ёсондоо эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно. Харин эмнэлэг, сургуулийг цахилгаан эрчим хүчээр таслахгүй байх тал дээр анхаарч ажиллана” хэмээн мэдэгдлээ. Сүүлийн 30 жилд цахилгааны хараат бус байдлаас гарах талаар юу ч хийгээгүйн балаг ингэж гарч байна.
Д.Дорж