Монголчууд шиг хэнэггүй хүмүүс байна уу? Хэлээд, сэрэмжлүүлээд байхад л заавал сөрдөг нь гэм биш зан болжээ. “Ханиад томуу их байна. Амны хаалтаа зүү” гэж эмч нар уриалаад байхад эр, эм, хөгшин, залуугүй үл тооно. Хэнэггүйтэж явж томуугаа хүндрүүлчихээд эмнэлгийн ачааллыг нэмнэ.
“Хальтиргаа гулгаа их байна. Хурдаа тохируулж яв” гэж тээврийн цагдаагаас анхааруулсаар байхад яг эсрэг үйлдэл хийгээд өрөөлийг ч, өөрөө ч хохирч байна.
“Шинэ жилийн баяр дөхлөө. Хэтэртлээ архи уусан нэгнээ хүргэж өгөөрэй” гэж сэрэмжлүүлээд байгааг тоож байгаа хүмүүс хэр олон байгаа бол?
“Цаг ихээр орж гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсчихлээ. Архи ууж өөрийгөө хяналтаас гаргаад хэрэггүй шүү!” гэж анхааруулсаар байхад согтуу далжигнаж яваад хальтирч унаад бэртэж гэмтэх, бүр амь насаа алдах ч тохиолдол гарсаар байна. Монголчуудаа, насанд хүрсэн хүмүүс байж хэзээ бусдын үгийг тусгаж авдаг болох юм бэ? Хэзээ ухаан суух вэ?
Д.Лхагва