Нүүрсний гэх тодотголтой хэргийн нээлттэй сонсгол гуравдахь өдрөө үргэлжилж байна.
“Эрдэнэс Tавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь: “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэн суух, хувьдаа авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлүүдээс гарч ирсэн. Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Энэ компанийн захирлууд шоронд ордог юм гэсэн пиарыг тухайн үед маш хүчтэй явуулж байсан. 2014 оны 12 дугаар сард Хятадын нэг компани, Монголын нэг компанид 100 жил, 99 жилийн хугацаатай эзэмшүүлэх яриа хэлэлцээ эхэлсэн. Би тэр ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон байсан. Ажлын хэсгийн анхны хурал дээр би үүнийг эсэргүүцсэн. “Ингэж болохгүй ээ. Ийм өндөр ашигтай ажиллаж байгаа компани. Цаашдаад монголчуудыг өмч байх явах ёстой” гэж хэлсэн. Гэтэл намайг 7 хоногийн дараа ажлын хэсгээс хассан. Сарын дараа эрүү үүсгээд хорьсон. 2 сарын дараа Тавантолгойн ордыг Хятадын “Шинхау Энержи” компанид 99 жилийнх хугацаатай өгөх гэрээ УИХ-д орж ирсэн. Энэ бол анхнаасаа тус ордод эзэн суух гэсэн манай томоохон бүлэглэлийн ашиг сонирхол явсантай холбоотой байсан. Тийм ч учраас биднийг хэлмэгдүүлсэн.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Та боломжтой бол ямар бүлэглэлүүд, ямар хүмүүсийн оролцоотой тийм ажил хийгдсэнийг өөрийн хэмжээнд хэлж болох уу?
Я.Батсуурь: Тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржоос гарсан санаачилга байсан.