Эрх баригч нам шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаа оноос өмнө томилохоор болжээ. Одоогийн генсек Д.Амарбаясгалангийн хувьд 2016 онд энэхүү албан тушаалд очиж байлаа. Улмаар 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад “Би төрийн албан тушаалд очихгүй” гээд Ерөнхий нарийн бичгийн даргаараа үлдэж байсан юм. Харин 2022 онд Ц.Нямдоржийн оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон билээ. Хуулиараа бол төрийн өндөр албан тушаалтан улстөрийн намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ёсгүй. Гэхдээ мань хүн өнөөг хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргаараа хавсран ажиллаж ирэв.
Харин оноос өмнө намынхаа албан тушаалыг өгөх нь гарцаагүй болж байх шиг байна. Түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд очих нь тодорхой болж байна.
Д.Лхагва