НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа
- Дүүргийн Засаг даргын хувьд ахмадын хороогоо хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байна вэ?
Чингэлтэй дүүрэг 170 гаруй хүн амтай. Үүнээс хүн амын 10 орчим хувь буюу 17 мянга гаруй ахмад настнууд амьдарч байна. Дүүргийн 1-24 хороо бүрт ахмадын зөвлөл, тэргүүлэгчид ажиллаж байна. Тэдгээр ахмадын зөвлөлөөр дамжуулан ахмадуудтай хамтран ажиллаж, тэдний захиас сургаалийг сонсч, ажилдаа тусган ажиллаж байна. Бид ахмадын хороотой гүйцэтгэлийн гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагааг нь санхүүжүүлж тухайн ажлыг хагас болон бүтэн жилээр нь дүгнэн ажилладаг. Мөн ахмадын зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, ахмадуудад хүргэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй болгох, тэдний эрхийг хамгаалах зорилгоор ахмадын зөвлөлийн дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Бидний зүгээс дүүрэгт оршин сууж буй 100 ба түүнээс дээш настай ахмадууддаа сар шинийн баяраар жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгон хүндэтгэдэг. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор жил бүрийн Олон улсын ахмадын өдрөөр ахмадад ээлтэй 3 хүртэл байгууллагыг шалгаруулж тус бүрийг 500 мянган төгрөг өргөмжлөл, ахмадад ээлтэй 2 хүртэл иргэнийг тус бүр 250 мянган төгрөг шагнаж өргөмжлөл олгодог уламжлал тогтоод байна.
Мөн ахмадуудаа ая тухтай үйлчлүүлэх, амрах, сувилуулах боломж бүрдүүлэх үүднээс өнгөрсөн онд “Хойморь хайрхан” амралтын газрыг барьж ашиглалтад оруулж, ахмадууддаа үйлчилж байна.
- Ахмадуудыг нийгмийн тэгш боломжид хамруулах ажлаар юу хийж байна вэ?
Бид 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч, иргэн аж ахуй нэгжийг дэмжиж ажиллахаар салбар бүрт хичээж ажиллалаа. Мэдээж үүнд ахмад настнуудыг орхигдуулахгүй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудаа хамруулсан. Ахмадууд маань үндэсний уламжлалт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын өвийг өвлөн тээж залуу хойч үеэ таниулан сургах ажлыг хийж байна.
Дүүргийн Ахмадын хороо, хороодын ахмадын зөвлөлүүд болон дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч “Хамтдаа үйлдвэрлэж туршлагаа солилцъё” үзэсгэлэн, худалдаа сургалтыг улирал бүр зохион байгуулж тогтмолжлоо. Ахмадын хороо, зөвлөлөөс гаргасан санал, бид дэмжиж хамтран ажиллаж ирлээ. Тухайлбал, дүүргийн Засаг даргын дэргэд Ахмад үйлдвэрлэл эрхлэгчдийн орон тооны бус зөвлөлийг дүүргийн Ахмадын хорооны даргаар ахлуулан байгуулахаар тогтсон. Бүрэлдэхүүнд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэх төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Засаг даргын зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж эхэллээ.
Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар ахмадууд төсөл хөтөлбөр бичиж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 165 ахмад үйлдвэрлэгчид болон соёлын өв тээгчид 525.6 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт хамрагдаад байна. Тэдний хувьд өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй үр, ач болон эргэн тойрны хүмүүстээ зааж сурган, өвлөн уламжлуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Мөн угийн бичиг хөтлөх аргачлалыг зааж сургах хөтөлбөр, үндэсний уламжлалт шагайн харвааг дэмжиж тус бүрд нь таван сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт олгож ажилласан байна.
- Улс орны хөгжлийн үндэс нь эрүүл, боловсролтой иргэн. Таны хувьд эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
Нэн тэргүүнд дүүргийнхээ эмнэлгийн байрыг шинэчлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ. Чингэлтэй дүүргийн эмнэлэг зориулалтын бус байранд байрладаг, мөн диализын аппаратгүй цор ганц дүүргийн эмнэлэг болчихоод байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 онд эмнэлэг барих шийдвэр гарсан ч газрын асуудалтай холбоотой өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг баригдаагүй. Бид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд энэ асуудлыг тавьж, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжилт гаргаж, 10-р хороо буюу “Дэнжийн 1000”-д 2.8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгалаа. Ингээд Азийн Хөгжлийн банкны 30 сая ам.долларын санхүүжилтээр жишиг эмнэлэг баригдах боломжтой боллоо.
Ингэснээр дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах боломж бүрдэнэ. Мөн одоо ажиллаж буй эмнэлэгтээ өргөтгөл хийж томруулна. Улсын хөрөнгө оруулалтаар Хайлаастад баригдаж буй амбулатори 2023 онд ашиглалтад орно. “Эрт илрүүлгийн төв” баригдаад эхэлчихсэн. Үүнээс гадна дүүргийнхээ хоёроос гурван хорооны дунд жишиг өрхийн эмнэлэг байгууллаа. Үүний үр дүнд эмчийн тоо нэмэгдэж, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй болж байна.
- Чингэлтэй дүүрэг гэр хороолол түлхүү байдаг. Төрийн үйлчилгээ иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй байж чадаж байгаа юу?
Манай дүүргийн хувьд төрийн үйлчилгээ их тархмал байрлалтай. Тухайлбал, “Татварын хэлтэс” Ялалтын талбайд, “Халамжийн хэлтэс” Баянбүрдийн тойрогт, “Нийгмийн даатгалын хэлтэс” 5-р сургуулийн хойно, “Газрын алба” 18-р хороонд гэх мэт. Үүнийг нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Дээр нь дүүргийн захиргаа заавал хотын төвд байх шаардлагагүй. Иргэдэд илүү ойртохын тулд гэр хороололд яагаад байж болохгүй гэж. Замын түгжрэлийг бууруулах, олон төвт хот болгох Засгийн газрын бодлоготой ч энэ шийдвэр уялдана. “Нэг цэгийн үйлчилгээ”-ээр төрийн үйлчилгээг авч байгаа иргэдийн тав тухыг бодож танхимыг бүрэн шинэчилж багтаамж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байгаа. Удахгүй бид тус үйлчилгээг 24 цагаар ажилладаг болгохоор туршиж байна .
Чингэлтэй дүүрэг нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жишиг болохуйц “Камерын хяналтын төв”-тэй болсон. Жилийн хугацаан дахь үр дүнгээсээ хуваалцана уу?
Чингэлтэй дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар” 2022 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтайгаа ярилцаж санал гаргаад “Нийтлэг үйлчилгээний газар”-т “Камерын хяналтын төв”-ийг нэгтгэн байгуулах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн. Эхний ээлжинд дүүргийн I хороо буюу Их дэлгүүр орчимд хулгайн гэмт хэрэг маш их гардаг учраас камержуулахад хамгийн тохиромжтой бүс гэж үзсэн. Нэгэнт бид камерын төвийг бие даан байгуулахаар шийдвэрлэсэн учраас хамтрах нь зүйтэй гэж үзээд эхний ээлжид зорилтот хэсэг буюу I хороогоо бүрэн камержуулснаар “Ногоон бүс” болгосон. Ингээд арванхоёрдугаар сар хүртэл “Ногоон бүс”-ээ бусад хороотой харьцуулж үзэхэд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэх зэргээр эерэг үзүүлэлт гарч эхэлсэн учраас төслийг цаашид дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдсэн. Байшин хороололд туршилт амжилттай болсон учраас дүүргийн хамгийн том хороо болох гэр хорооллын бүсийн XII, XXI хороог камержуулсан. Гэр хорооллын тухайд газар нутгийн хэмжээ томоос гадна шугам, дэд бүтэц хүрэлцээгүй байдаг. Камер 80 градусын өнцгөөр 60-80 метр урт талбайг хардаг л даа. Багагүй хэмжээний төсөв хөрөнгө шаадлагатай болсон учраас бид тухайн хорооны хоёр оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дээрх хоёр хороог ч мөн камерын хяналтад 70-110 камертайгаар оруулсан. Үүнээс гурван сарын дараа буюу энэ оны гуравдугаар сар гэхэд хотын төвийн зургаан хороог бүрэн камержуулж, “Ногоон бүс” болгосон. Одоогийн байдлаар дүүргийн 24 хорооны 19-д буюу таван хорооноос бусдыг бүхэлд нь камержуулахаар төслүүд” эхлээд 90 хувьтай хэрэгжиж байна. Хороодын газар нутгийн хэмжээнээс хамаараад камерын тоо харилцан адилгүй байдаг. Одоогоор хороо тус бүрд 30-125 камер суурилуулсан байна.
- Танай дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байна вэ. Хүүхэд бүрд хүрч ажиллаж чадаж байгаа эсэхэд та ямар хариулт өгөх вэ?
Бүх шатанд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг тэгш боловсролд хамруулах нь бидний хамгийн том зорилго. Боловсролыг хүртээмжтэй бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан системтэйгээр олгох төрөл бүрийн арга, туршлагыг олон улсад хэрэгжүүлж байна. Тэгэхээр олон улсад туршиж байгаа энэ арга туршлагаас бид хоцрох учиргүй. Энэ хүрээнд дүүргийнхээ сургууль, цэцэрлэгүүдэд олон улсын хөтөлбөрийг татан, хэрэгжүүлснээр бүрэн хамруулж байна. Энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 29 мянга гаруй сурагч, цэцэрлэгт 10200 гаруй хүүхэд элсэн суралцаж байна. Манай дүүрэгт төрийн өмчийн 20 сургууль, 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг хийх, шинээр сургууль, цэцэрлэг барихад анхааран ажиллаж байна. Тухайлбал, энэ онд дүүргийн V хороонд 327 дугаар цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан, хүүхдүүдээ хүлээн аваад хичээллэж байна. Харин шинээр дөрвөн цэцэрлэгийн цогцолбор, нэг сургуулийн өргөтгөл, хоёр цэцэрлэгийн барилгыг барьж байна. Эдгээр нь бүгд гэр хорооллын бүсэд байршилтай. Дээрх бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүртээмжийн асуудал ерөнхийдөө шийдэгдэнэ. Түүнчлэн дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авснаар нийтдээ 500-гаад хүнийг ажлын байраар хангах юм.
Мөн сургуулийн өмнөх боловсрол олгох чанарт анхаарах хэрэгтэй учраас дүүргийн цэцэрлэгүүдэд олон улсын хөтөлбөрүүдийг нэвтрүүллээ. Тухайлбал, энэ хүрээнд “I’m break” хөтөлбөрт 10 цэцэрлэг, “Steam” хөтөлбөрийг 21 цэцэрлэг, “Монтессори” хөтөлбөрийг найман цэцэрлэгт хэрэгжүүлж байна.
Эдгээр хөтөлбөр тус бүрдээ олон талын ач холбогдолтой. Хүүхдийн сэтгэн бодох, гар хурууны хөгжил гээд нас насанд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнтэй. Жишээ нь, “I’m break” хөтөлбөр тоглоомоор дамжуулан бодох, сэтгэх, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, хүүхдийн зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлдэг. Энэ нь хүүхдийн хэл яриаг төдийгүй бие бялдрыг хөгжүүлэх. Орон зайн баримжаа олгох, өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх маш олон талын ашиг тусыг нэг зэрэг үзүүлдэг. Бусад хөтөлбөр ч мөн адил хүүхдэд тохирсон бяцхан даалгавар, сорил гээд тэдний нас, биеийн онцлогт тохирсон байдаг. Мөн боловсролын салбарт хийсэн нэг том ажил бол цэцэрлэгийн зөөлөн эдлэл. Өмнө нь хүрэлцээгүйн улмаас хүүхдүүд ор, хөнжил, гудсаа хувааж хэрэглэдэг байсан. Ирээгүй хүүхдийнхээ гудсыг нөхөж хэрэглэх, эсвэл хувааж хэрэглэх явдал байсан бол одоо энэ байдал цэгцэрсэн. Цэцэрлэгүүдийг хивс, хивсэнцэр, дрож зөөлөн эдлэлээр бүрэн хангасан. Энэ ажилд дүүргийн төсвийн хөрөнгөөс 900 сая төгрөгийг зарцуулаад байна. Мөн хүүхдийн аюулгүй байдалд анхаарах үүднээс одоогоор дөрвөн цэцэрлэгийг бүрэн камержуулсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.