Европын Холбооноос (ЕХ) Украинд үзүүлэх 50 тэрбум долларын тусламжийг зогсоож, Киевийг ЕХ-нд элсүүлэх саналд хориг тавина гэж Унгар улс сүрдүүлжээ. Ингэснээр Брюссель, Будапештын хооронд үүссэн маргааныг улам хурцатгалаа.
Украиныг ЕХ-нд элсүүлэх асуудлаар албан ёсны яриа хэлэлцээ эхлүүлэх шийдвэрийг гаргахын тулд ЕХ-ны гишүүн улсуудын төрийн тэргүүн нар 12 дугаар сарын 14-15-нд дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа юм. Энэ уулзалтын өмнө маргааныг намжаахын тулд ЕХ-ны Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель Ерөнхий сайд Виктор Орбантай уулзахаар даваа гарагт Унгарт айлчилжээ. Гэвч уулзалтын дараа Ч.Мишель, В.Орбан нар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэнгүй.
Унгар улс ЕХ-той сөргөлдөөд удаж байна. Ирэх зургаадугаар сард болох Европын парламентын сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан ЕХ-ноос Украинд үзүүлэх цэрэг, эдийн засгийн тусламжийн талаарх маргаан улам ширүүсчээ.
ЕХ-ны эсрэг сурталчилгаа
Ерөнхий сайд В.Орбаны “Fidesz” нам энэ сард Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен рүү чиглэсэн сурталчилгаа хийж, түүнийг унгар гаралтай санхүүч Жорж Соросын хүү Алекс Соростой хамт байгаа зургийг сурталчилгааны самбарт байрлуулж, зурагт хуудаснууд дээр “Тэдний аясаар бүжиглэхгүй шүү” гэсэн уриа тавьжээ.
11 дүгээр сарын 18-нд болсон “Fidesz” намын их хурал дээр хэлсэн үгэндээ В.Орбан ЕХ-г хурцаар шүүмжилжээ. “Бид Брюсселийн боловсруулсан Европын загварт үгүй гэж хэлэх ёстой. Энэ загвар тогтворгүй, ирээдүйгүй учраас бид үгүй гэж хэлэх ёстой. Өнөөдөр Брюсселийн шийдвэр Европыг сүйрүүлж, балгас болгож байна” гэж В.Орбан хэлсэн байна.
“Ирэх саруудад, Европын сонгууль хүртэл бид улс төрийн ноцтой асуудалтай тулгарах болно… Украин улс ЕХ-ноос гэрлийн жилүүдээр хэмжигдэх зайтай байгаа тул Украинтай хэлэлцээ эхлүүлнэ гэсэн буруу амлалтыг бид залруулах ёстой” гэж тэрбээр хэлжээ.
Царцаагдсан санхүүжилт
Унгар дахь шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө зэрэг асуудлын улмаас ЕХ-ноос Унгарт олгох Ковидын дараах сэргэлтийн 24 тэрбум ам.долларын санхүүжилтийг одоог хүртэл олгоогүй байгаа аж. Унгар улс ардчиллын зарчмаас ухарсанд санаа зовниж буйгаа Брюссель удаа дараа илэрхийлж байлаа.
Ерөнхий сайд В.Орбан өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишельд илгээсэн захидалдаа ЕХ-ноос Киевт 50 тэрбум долларын тусламж үзүүлэхийг дэмжихгүй хэмээн сүрдүүлэн мэдэгдсэн байна. Түүний хатуу ширүүн хандлага, үг яриа нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж шүүмжлэгчид үздэг.
“В.Орбан ЕХ-ноос улам бүр тусгаарлагдаж, хохирч байна. Унгар улс зөвхөн улс төрийн хувьд төдийгүй эдийн засгийн хувьд ч хохирч байна. Тус улсын эдийн засаг тийм ч сайн биш байгаа. ЕХ-ноос олгоогүй байгаа санхүүжилт нь хууль дээдлэх зарчимтай холбоотой. Мөн Орос-Украины асуудалд хандаж буй засгийн газрын байр суурь, ЕХ-г байнга үг хэлээр доромжлох хандлага зэрэг нь санхүүжилтийг царцаахад нөлөөлсөн нь тодорхой” гэж Будапешт хотын “Political Capital” судалгааны төвийн шинжээч Питер Креко ярьж байна.
ЕХ-нд элсэх Украины найдвар
Унгарын эсэргүүцлийг намжаахын тулд ЕХ өнгөрсөн долоо хоногт нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг олгожээ. Энэ мөнгө ирэх арванхоёрдугаар сард болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр В.Орбан хориг тавихаас урьдчилан сэргийлэхэд хангалттай эсэх нь тодорхойгүй юм.
Унгарын Ерөнхий сайд хэлэхдээ, дайны байдалд байгаа улстай ЕХ-нд элсүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй гэж мэдэгдээд, Москватай энхийн хэлэлцээ хийхийг Киевт хандан уриалжээ.
“Украинчууд Орост итгэхгүй байна. Тийм учраас тэд ЕХ болон НАТО-гийн гишүүнчлэлийг зөвхөн Украины төдийгүй Европын тогтвортой энх тайван, аюулгүй байдлын цорын ганц баталгаа гэж үзэж байна” гэж Лондонд төвтэй “Chatham House”-ын шинжээч Ольга Токарюк ярьжээ.
Украиныг ЕХ дэмжих ёстой гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлдэг Словакийн Роберт Фико, Нидерландын Гиерт Вилдерс нар саяхан сонгуульд ялсан нь В.Орбаныг зоригжуулсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.