УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ “2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл хилээр дизель 95 300 тонн, А-92 түлш 50400 тонн тус тус орж ирсэн байна. Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 000 тонн байдаг бол А-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим бий. ОХУ-ын Засгийн газраас дөнгөж хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан байна. Баруун аймгуудаар дизель түлшний хүрэлцээ хүндэрсэн байв. Харин тодорхой хэлэлцээрийн үр дүнд баруун аймгуудын боомтуудаар дизель түлш орж ирж, түлшний хангамж тогтворжсон” гэв. Өвөлжилт болон шатахууны хүрэлцээний асуудлаар ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийхээр товлов.