Умард Солонгос тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужинг лхагва гарагт “амжилттай хөөргөж”, тойрог замд орууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.
Пёньян пуужин хөөргөх нь өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх “хууль ёсны эрх” хэмээн мэдэгдээд, “дайснууд аюултай цэргийн ажиллагаа” явуулж байгаа энэ үед улс орны дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд “ихээхэн хувь нэмэр оруулна” гэж KCNA мэдээлжээ.
“Чоллима-1” пуужин урьдчилж тогтоосон нислэгийн траекторын дагуу хэвийн нисэж, тагнуулын хиймэл дагуул “Маллигён-1”-ийг 22:54 цагт буюу хөөргөснөөс хойш 12 минутын дараа тойрог замд оруулсан гэж дээрх мэдээнд дурдсан байна. Энэ нь лхагва гарагт эхлэх байсан пуужин хөөргөх ес хоногийн хугацаанаас өмнө болжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужин хөөргөх ажиллагааг газар дээр нь хянаж, эрдэмтэн, техникийн ажилтнууд зэрэг уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүст баяр хүргэсэн гэж тус агентлаг мэдээлэв. Мөн Пёньян ойрын хугацаанд тойрог замд дахин хэд хэдэн хиймэл дагуул хөөргөн байрлуулж, Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүрх тагнуулын хүчин чадлаа бэхжүүлнэ гэж мэдэгджээ.
Харин Японы Засгийн газрын зүгээс “хиймэл дагуулыг” дэлхийн тойрог замд амжилттай оруулсан эсэхийг батлаагүй байна гэж мэдэгдсэн байна. Пёньян энэ оны эхээр цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахыг хоёр удаа оролдсон боловч амжилтгүй болсон юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.