Хил орчмын төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг мөнхүү аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага Дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага Дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна гэж аудитын тайланд дүгнэжээ.
Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогджээ. Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон хэмээн Үндсэний аудитын газрын тайланд дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ. Мөн, Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан тухай тус тайланд дурджээ.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд дээрх тайланд нэр дурдсан компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гурван асуудлыг бүхэлд нь хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.