ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламент Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Та сайдын зөвлөхийн хувьд хуулийг өөрчлөх ажлын хэсэгт орж ажилласан. Эрүүгийн хууль бол хүний хувь заяатай холбоотой чухал эрх зүйн акт. Энэ хуулийг өөрчлөх гол шалтгаан нь юу байв?
-Хэд хэдэн шалтгаан байна гэж үзсэн. Нэгдүгээрт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа онц ноцтой гэмт хэргийн тоо өсөж, нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Үүний нэг нь Эрүүгийн хуулийн ялын бодлого хөнгөн, оновчтой биш байгаа байдал юм. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн бага насны хүүхдийг алах гэмт хэрэгт дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дунджаар 14.25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Энэ нь ялын бодлого 7.95 жилээр суларсныг харуулж байна. Нөгөө талаас хүүхдийн эсрэг үйлдэж байгаа хүчингийн гэмт хэргийн өсөлт сэтгэл түгшээж байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 1535 хүн тус гэмт хэргийн хохирогч болсон. Үүнээс 962 нь буюу 62.7 хувь нь хүүхэд байна. Ер нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг сэтгэл зүйн эмгэгтэй пэдофил хүмүүс их үйлддэг. 2021, 2022 оны судалгааг харахад 68 хүн өмнөх гэмт үйлдлээ дахин давтан хийсэн байна. Тэгэхээр цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг гэмт хэргийн золиос болохоос хамгаалахын тулд ялын бодлогыг чангаруулах, гэмт хэрэгтэн ялаа эдэлж дууссаных нь дараа тэдэнд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай болсон байна. Тийм учраас энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэгдүгээрт бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн онц ноцтой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацааг 25 жил хүртэл нэмэгдүүлж, ялын бодлогыг чангаруулж байна, хоёрдугаарт гэмт хэрэгтнийг магадлангаар суллахгүй болж, цаашид олон улсад байдаг жишгийн дагуу ялаа эдэлж дууссаных нь дараа тавих хяналтыг сайжруулж, тусгай тоног төхөөрөмж ашиглан хянадаг болно.
-Сэтгэл зүйн эмгэгтэй буюу пэдофил хүмүүсийн тухай таны ярианд дурдагдлаа. Ер нь манайд ийм хүмүүсийн тухай ойлголт, судалгаа хэр байдаг юм бол?
-Олон улсад нарийн судлагдсан. Сэтгэл зүйн эмгэг гэж үздэг. Энэ төрлийн хүмүүсийн сэтгэл зүйг маш нарийн тодорхойлж, урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээнүүдийг авдаг юм байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн ялаа эдлээд суллагдсаных нь дараа хяналтын систем нь маш сайн ажилладаг. Зарим улсад гэмт хэрэгтний тухай мэдээллийг тусгай цахим хуудаст байршуулдаг. Иргэн сэрэмжлэх үүднээс тухайн хэсэгт хандан манай гэрийн ойр орчимд энэ төрлийн гэмт хэрэгт ял эдэлж байсан хүн байна уу гэдгийг харах боломжтой. Нөгөө талаас тухайн хүнийг бага насны хүүхэдтэй холбоотой газар, сургууль, цэцэрлэгт ажилд орохыг хориглодог. Цагдаагийн байгууллагаас зорчих хөдөлгөөнд нь хяналт тавих, иргэдэд мэдээлэл хүргэдэг тусгай журамтай байдаг. Ингэж хүүхдийг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх систем ажиллаж байна. Манай хувьд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон улсын жишгийн дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тавих цагдаагийн байгууллагын хяналтыг сайжруулах зохицуулалтыг тусгаж байна. Энэ нь бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад тодорхой үр нөлөө үзүүлнэ.
-Дараагийн нэг өөрчлөлт нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, осол хийсэн бол Эрүүгийн арга хэмжээ авахаар болж байна. Парламентын хэлэлцүүлгийн үеэр энэ заалт дээр хүний эрхийн тухай яригдаж, зөв эсэх дээр маргаан өрнөсөн. Энэ өөрчлөлтийг та юу гэж тайлбарлах вэ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол өндөр хувьтай байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 111 хүн согтуу жолоочийн буруугаас амь насаа алдсан харамсалтай дүн мэдээ байна. Мөн олон мянган хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Уг нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд манайд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн арга төдийлэн оновчтой бус байсан байна. Тухайн жолоочийг эрхийг нь хасаад, торгоод явуулчихдаг. Нөгөө иргэн торгуулиа ч төлдөггүй, болдог юм чинь гэсэн хандлагатай болчихсон.
Ганц жишээ хэлэхэд өнгөрсөн таван жилийн байдлаар улсын хэмжээнд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн 25 мянга орчим жолооч баригдсан байдаг. Ингэж явсаар нэг л өдөр өөрийгөө ч, өрөөлийг нь аюул руу түлхдэг. Хүнийг эд хөрөнгө, эрүүл мэндээр нь насан туршид нь хохироодог. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд алдаатай явж ирсэн бодлогоо өөрчлөх, сайжруулах шаардлагатай гэж үзсэн.
Нэгдүгээрт, Эрүүгийн хуулиар ялын бодлогоо чангаруулна. Хоёрдугаарт, зөрчил гаргачихаад зөрчлийнхөө торгууль шийтгэлийг төлдөггүй, энэ байдлыг хална. Ер нь хүн зөрчил гаргасан бол алдаагаа дор дор нь хүлээгээд, засаад явахад дараа дараагийн илүү ноцтой үр дагавраас, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой. Манайд хариуцлага нь сул байгаа учраас “Торгодог л юм. Эрх хасдаг л юм” гээд яваад байна. Тэгээд торгуулиа ч цаг тухайд нь төлдөггүй. Өнөөдрийн байдлаар зөрчлийн шийтгэлд оногдуулсан төлөгдөөгүй мөнгөн торгуулийн хэмжээ 90 тэрбумд хүрсэн байна. 50-аас дээш удаагийн үйлдлээр зөрчил гаргасан 3000 гаруй хүн байна. Тэдний төлөх ёстой торгуулийн хэмжээ дөрвөн тэрбум төгрөг болсон. Ийм гажуудал байж болохгүй. Олон улсад ийм жишээ байхгүй дээ. Хүмүүс сайн мэдэж л байгаа байх. Зарим улсад хэрэв та зөрчил гаргасан бол торгуулийн мэдэгдэл очно. Тэгээд торгуулийг хугацаандаа төлөөгүй бол сануулсан мэдэгдэл өгдөг. Тэгээд төлөөгүй бол хатуу арга хэмжээнүүд авч эхэлдэг. Жишээлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэнэ, баривчилна. Баривчлагдлаа гээд торгуулиас мултрахгүй, цаашилбал эд хөрөнгийг нь хураан авч албадан борлуулна. Мөн тээврийн хэрэгслийг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, эзэмшлийн данснаас нь торгуулийг татна гэх мэт хатуу арга хэмжээ авдаг. Ингэж байж дэг журамтай, эмх цэгцтэй нийгмийг бий болгоод байна. Замын хөдөлгөөний зөрчил, танхайрал өөрөө автозамын түгжрэлд ч нөлөөлдөг. Тэгэхээр хуулийг ингэж өөрчилж байж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг багасгах боломж бүрдэнэ гэж харж байна.
– Хуулийн төслийн энэхүү заалт хүний эрхийн зөрчил болж магадгүй гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлж байлаа. Таны дээр ярьсан жишээнүүд бүгдээрээ л хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орнуудынх уу?
-Тэгэлгүй яахав. Энэ бол хүний эрхэд халдаад байгаа асуудал огт биш. Герман, Франц, Нидерланд, Япон, Австрали зэрэг хүний эрхийг дээдэлдэг, ардчиллын индексээрээ өндөр орнуудад ийм төрлийн арга хэмжээг авч байна. Тэнд юу үйлчилж байна гэхээр хүний эрхээс гадна үүрэг, хариуцлагыг маш сайн ухамсарлуулж байна. Хууль, эрх зүйн орчин нь ч тийм юм.
-Хуулийн төслийг парламент хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн зүйл заалт бий юу?
-УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, зарчмыг бүрэн дэмжиж байгаа. Ер нь ялын бодлогыг чангалж, хариуцлагыг нэмэгдүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Мэдээж хуулийн төслийг сайжруулах, илүү боловсронгуй болгох санал санаачилгууд гарч байгаа. Тэр бүхнийг хуулийн төслийн ажлын хэсгийнхэн хэлэлцээд тусгахыг нь тусгаад явж байна. Ер нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, үр дүнгээ өгөх хуулийн төсөл болсон.
-Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой заалт “унаж”, дэмжигдсээр яваад бараг батлагдах шинжтэй болчихлоо. Энэ заалтыг сэтгүүлчид эсэргүүцэж акц зохион байгуулж байсан. Ер нь энэ төрлийн зөрчилд оногдуулах ялыг чангатгах нь ямар ач холбогдолтой юм бэ?
– Энэ бол сэтгүүлчид болон хувь хүнтэй ямар ч хамааралгүй заалт гэдгийг дахин хэлье. Дэлхийн улс орнуудын жишиг. Мөн сүүлийн 100 гаруй жилд байсан найман удаагийн Эрүүгийн хуульд байсан заалт. Одоогийн Эрүүгийн хуульд ч байгаа. Гол нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага, албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангахтай холбоотой асуудал юм. Үүнд мэдээж мөрдөн шалгах ажиллагааны явцад олж мэдсэн төрийн болон хувь хүний нууц, эмзэг мэдээлэл хамаарна. Хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлт бол хариуцлагыг чангатгаж байна. Ер нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задална гэдэг яагаад гэмт хэрэг вэ гэхээр тухайн гэмт хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхэд саад болж байдаг. Мөн хэргийн нууцаар дамжуулан хүн шантаажилдаг, хээл хахууль авдаг, гэмт хэргийг нуун дарагдуулдаг, гэмт хэрэгт холбоотой хүмүүсийг оргон зайлахад тусалдаг, гэмт хэрэгт холбоотой хүмүүс үгсэн хуйвалдах, нотлох баримтаа устгах нөхцөл байдалд хүргэдэг гэх мэт сөрөг тал их байдаг.
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаа улс төрд нөлөө бүхий хүмүүсийг магадлангаар суллахгүй гэдэг заалт улс төрийн эсэргүүцэлтэй тулсан гэж яригдаад байгаа. Энэ заалт хасагдаагүй биз дээ?
– Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн тохиолдолд магадлангаар суллахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж, өргөн мэдүүлсэн. Эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөлд улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтай хүмүүс авлигын хэргээр ял шийтгүүлсэн бол хугацаанаасаа өмнө суллагдах боломжийг нь хаахаар болсон.
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдлаа гэхэд өөрчлөлтүүд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
– Бид хуулийн төсөлд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан. Эрүүгийн хуулийн онцлог нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлснээс бусад тохиолдолд буцааж хэрэглэдэггүй. Гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу хэрэг нь шийдэгддэг. Энэ удаагийн өөрчлөлтөөр ялын бодлого чангарч байгаа учраас буцаж үйлчлэхгүй.
Төмөрбаатарын БАТСАЙХАН. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин