УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6,000 хос салж 10,000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна. Гэтэл тэр тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энд огт байхгүй байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар яллаж гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг нийгэмд бий болгомооргүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Бодитой л асуудал хөндсөн. Харин Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал” хэмээн тал алдалгүй бөөрөнхий, “дипломат” хариулт өгсөн. Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн үгний цаад агуулгыг уг нь тусгаж авах ёстой доо. Гэр бүр ариун нандин байх ёстой. Утга учир нь тэр юм. Гэтэл хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэр бүл байж нөхрөө араар нь тавьж өөр хүнээс хүүхэд олох тохиолдол байдаг гэнэ. Энэ бол байж боломгүй ноцтой асуудал. Б.Пүрэвдорж гишүүн үүнийг л хэлсэн. Нийгмийн цаад үр дагавар нь ноцтой! Завхайрал, хайр сэтгэл хоёрын ялгааг хуульчлах ёстой.
Д.Лхагва