Өчигдөр болсон их түгжрэлийн шалтгааны талаар ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн ийнхүү яриалаа:
-Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл үүсэн, замын хөдөлгөөнд саад учирсан байгаа. Хэрэв суудлын автомашин ийн зогссон бол зөөж, шилжүүлэх байсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд чирэгч автомашины тусламжтайгаар хөдөлгөөн зохицуулах боломжтой. Харин ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй.
Өчигдөр 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн нийт 438 ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Өвлийн улиралд зам тээврийн ослын гол шалтгаан нь халтиргаатай зам байдаг. Энэ үед дөрвөн улирлын болон зуны дугуйтай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо зогсоох арга хэмжээ авахад оройтох хандлагатай. Үүнээс шалтгаалж өчигдөр хөдөлгөөн зохицуулж буй цагдаагийн албан хаагчийн араас мөргөсөн тохиолдол хэд хэд гарсан.
Төв шуудангийн уулзвар нь гол гогцооны уулзвар учир гурван талаасаа ачаалал авдаг. Өчигдрийн тухайд ХААИС-ийн уулзварын хөдөлгөөнд саад учирсан тул Энхтайваны өргөн чөлөө хоёр талдаа хураагдчихаж байгаа юм. Иймд хөдөлгөөн зохицуулж буй алба хаагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд Багшийн дээдийн уулзвар болон Зүүн дөрвөн замд хөдөлгөөн задлах арга хэмжээ авсан.
Судалгаагаар Улаанбаатар хотод 110 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол 25 болон түүнээс дээш км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцох бололцоотой гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх бүрд хөдөлгөөнд оролцож буй хурд багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 400 мянган тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцвол тэг зогсолт болно. Мөн ачааны машин зогссонтой холбогдуулан бид ачааны автомашиныг тодорхой цагуудад хязгаарлах саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энхжингийн гарамд автомат ажиллагаатай хаалт ажиллаж байгаа. Мөн гармын хойно хоёр, урд нэг, нийт гурван тээврийн цагдаагийн албан хаагч ажиллаж буй. Тухайн гарам дээр 1000 метрээс дээш толгой болон зүтгүүр ойртон ирэхэд автомат гарам хаагдаж байх ёстой. Гэтэл жолооч нар хааж, нээх хугацааг нь хүлээлгүйгээр дүрэм зөрчин нэвтэрснээр мөн л хөдөлгөөн саатсан.
Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчид хоёр ээлжээр тасралтгүй хөдөлгөөн зохион байгуулалт хийн ажиллалаа.