Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хянан танилцав.
Энэ хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмжийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэх, мэдээлэл арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын төлөөлөлтэй уулзаж, зөвлөмжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан, зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллав.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2023 оны 1 дүгээр улиралд төлөвлөгөөт хяналт шалгалтаар Гаалийн ерөнхий газарт ажиллаж, тус салбарт үүсч болзошгүй авлигын эрсдэл, зарим зөрчлийг арилгуулах, авлигын эсрэг тодорхой арга хэмжээ авахуулахаар Зөвлөмж хүргүүлсэн юм.
Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвлөмжийн 6 заалтын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, зарим заалт нь бүрэн биелсэн үр дүнтэй байгаагаас гадна Гаалийн ерөнхий газарт 2023 онд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалт, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн тодорхой ажил, арга хэмжээний (Зөвлөмж, хэлэлцүүлэг, уулзалт, сургалт бусад арга хэмжээ) үр дүнд тухайн салбарт хүнд суртал, чирэгдэл буурсан, хүний хамаарлаас шалтгаалсан хууль бус үйл ажиллагаа багассан, зарим үйл ажиллагаа цахимжсан, хуульд нийцэхгүй байсан дүрэм, журмыг хүчингүй болгож, шинэчлэн баталсан, дотоод шударга байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлууд эрчимжсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарч байгааг уулзалтын явцад танилцуулав.
Зөвлөмжийн хэрэгжилтийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эцэслэн дүгнэж, энэ талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр ирүүлнэ. /АТГ/