Өдрийн 13 цагийн үед орцонд хүмүүс чанга чанга хашгиралдах сонсгогдлоо. Гэгээн цагаан өдөр юун хэрүүл зодоон болдог билээ гээд гарч харвал шатан дээр 11-12 дугаар ангийн бололтой 3 банди, нэг охин зогсч байна. “Та нар чинь яагаад нийтийн эзэмшил газарт хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ? Энэ чинь хүмүүс амьдардаг орчин. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?” гэвэл шатан дээр мордоод цахилгаан тамхины утаа олгойдуулсан биерхүү хөвгүүн “69 ш дээ. Уучлаарай, одоо гарлаа” гэв. Гэвч тэд тэр даруй гарсангүй, хэсэг хугацааны дараа шил хагарах чимээ сонсогдов. Дахин гарч харвал шалаар нэг пивоны бутарсан шил харагдлаа. Тэд хичээлээ тараад архи, пиво аваад орц бараадсан нь тэр аж. Хүн шаардлага тавихаар зүгээр ч нэг гараад явсангүй шил хагалсан нь тэр. Орцны камер байгааг тоодог юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.
Өсвөр үеийнхний дунд архи, тамхи, бүр мансууруулах бодисын хэрэглээ санаа зовоомоор түвшинд хүрсэн нь үнэхээр үнэн бололтой. Оршин суугчдын хэлж байгаагаар шөнийн 01 цагийн үед ч ахлах ангийн хөвгүүд, охид орцонд архи ууж, тамхи татаад сууж байдаг нь бараг л хэвийн үзэгдэл болсон гэнэ. 12 давхар барилгын шалыг дээрээс нь доош нь өдөр бүр угаадаг орцны үйлчлэгчийн хөлс хөдөлмөрийг хаа дуртай газраа хаядаг шүлс шигээ үл тоож байгаад нь гомдож уурлах ч багадна.
Тоглоомын талбай дээр очоод харцгаа. Ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд жаахан хүүхдийн суух ёстой савлуурыг хайр найргүй эвдэн сүйтгэж байна. Энэ чинь хүн чанартай холбоотой асуудал шүү дээ! Жижиг сэдэв биш!
Эцэг, эх, багш нар хүүхдийнхээ хүмүүжил, ёс суртахууныг хөсөр хаясан байна. Эцэг, эхийн зөвлөл гэдэг сайн дурын бүтэц мэргэжлийн эмч авчираад сурагчдад гар утасны хор нөлөөний тухай, цагдаагийн албан хаагч уриад цахим орчин болон архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын аюулын талаар яагаад лекц уншуулж болохгүй гэж? Монголын ирээдүй архины ааг, тамхины утаанд бүрэлзээд харагдахаа болих вий!
Хүүхдийн эрхийн хажуугаар хүмүүжил, төлөвшилийг нь давхар ярьж, анхаарахгүй бол хэдхэн жилийн дараа энэ нийгэм ямар түвшинд очихыг хэлж мэдэхгүй. Багшийгаа ганц зэмлэхээр эцэг, эх нь давхиж ирээд бөөн хэрүүл үүсгэдэг гэнэ.
Эцэг, эхийнх нь хүмүүжил, төлөвшил, ёс суртахууны хэм хэмжээ хүүхдээс нь шууд харагддаг. Өөрсдөө төлөвшиж байж хүүхдээ хүн болгоно гэдгээ ухаардаггүй хүмүүс олон байна. Хичээлээ хийдэггүй, архи, тамхи хэрэглэдэг, багшийнхаа өмнөөс хэрэлддэг хүүхдэд багшийн хувьд үг хэлэхээр аав, ээж нь өмөөрч бүр эвдэж байгаа нь харамсалтай. Ном эрдмийн багшаа элдвээр зүхдэг, заналхийлдэг хүмүүжилгүй хүүхдүүд буруу зам руу гулсаж байгаагаа ойлгодоггүйд гол асуудал байна! Эцэг, эхчүүд хүүхдээ зөв хүн болгоё гэж бодож байвал өөрсдийнхөө ухамсар, сэтгэхүй, оюун бодол, зан харилцаандаа анхаар!!! Боловсрол, соёлын асуудал хариуцсан яамдууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургуулийн захиргаа, багш нар ч нэгийг бодох хэрэгтэй болжээ!!!
Д.Лхагвадорж