АН-ынхны хувьд нэг нэгнээ хардах нь тогтсон жишиг гэхэд болно. 2008 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, Их эвcлийн хэмээх гоё нэртэй Засгийн газрыг толгойлохоор болж билээ. Мань эр “Ард түмэн хаан сонголт хийлээ. АН МАН-тай эв нэгдэлтэй хамтарч ажиллана” хэмээн уран донгодсон. Энэ цагаас эхлэн түүнийг хардах хүмүүс тус намд бий болсон. 3 дугаар сарын 1 буюу эх орончдын гэх тодотголтой, үнэн хэрэгтээ МАН-ын баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан дээр Элбэгээ очоод суучихсан биш уг хардлагыг улам лавшруулж билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалай “Элбэгдорж чинь МАН-ын гишүүн болчихсон ш дээ” гэж ундуудаж байлаа.
Дээд шүүх 2023 оны 2 дугаар сарын 9-нд Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсны дараа нэгэн сайт дээр “МАН дахь БЭТ шиг ажиллаж болохгүй” гэж мөн л хардлагыг өнгө аяс цухалзуулсан мессэж хаяад амжсан. Судлаач Д.Ганхуяг С.Баярцогтыг ч МАН-ын нууц хүүхэд гэж шууд нэр цохон бичсэнийг хүмүүс уншсан байх учиртай.
Өнөөдөр АН-ын гишүүд дэмжигчид хэмээх хэсэг нөхөд хэвлэлийн бага хурал зарлаж “ Биднийг тагнуулч гээд байна. Бид МАН-ынхантай уулзаж байгаагүй. Уулзсан хүн нь Лу.Гантөмөр өөрөө. Германд очоод МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалантай уулзаад ирсэн нь үнэн шүү дээ. Бид Лу.Гантөмөр гэдэг даргатайгаар сонгуульд орж болохгүй. Дүрмийн бусаар сонгогдсон гэдэг нь, боловсролын зээлийн сангийн асуудал нь, сөхөгдөнө. Тэр асуудал нь АТГ дээр шалгагдаж байна. Ийм даргатайгаар сонгуульд оролцох юм бол АН ялагдана. Ялагдах нь тодорхой болчхоод байна. Ялагдах гээд тохироо хийгдсэн гэдэг зүйл ч яригдаж байгаа. Тийм учраас Лу.Гантөмөр та АН-ын даргын ажлаа өгчих. АН-ыг авч ороод сонгуульд ялчих зоригтой аавын хүү манай намд олон бий. Таныг өргөдлөө өгөхийг бид шаардаж байна” хэмээн мэдэгдлээ. Үүнээс үзвэл тус нам дотор хагарал үүсгэх ашиг сонирхолтой нөлөө бүхий хүн байгаа нь тодорхой харагдаж байна. Даргыгаа унагаах гэсэн оролдлого сонгууль ойртох тусам хүчээ авах нь ойлгомжтой болчих шиг боллоо. Тэгээд бодохоор АН-ын эв нэгдэл рүү чулуу шидээд байгаа тэр хүнээ олж дарж авахгүй бол байдал тоглоом биш боллоо. Хэн гэдэг нь бараг тодорхой доо.
Д.Лхагва