Хэд хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлэг “Ковидын үеийн төсөв”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ дахь АН-ын бүлгээс Ковидын үеийн төсөв, мөнгөний зарцуулалттай холбоотойгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулья гэдэг санал гаргаад хугацааг нь товлосон байсан. Ковидын асуудал дотор төсөв бол зөвхөн нэг хэсэг нь. Үүнд хүний эрхийн асуудал, ковидын хуулийн хүрээнд хийгдсэн олон худалдан авалтууд, үйлчлэл нь зогссон төрийн албаны хууль гээд маш өргөн хүрээнд Ерөнхий хяналтын сонсгол явуулья гэдэг товлогдсон байсан. Ингээд чуулганы завсарлагаанаар үүн дээр бид ажиллалаа. Маш том асуудлууд үүний цаана байна. 10 их наяд төгрөгийн хөтөлбөр дээр нэмээд 20 орчим их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Ногоон автобуснаас 60 дахин их мөнгөний асуудал яригдаж байна. Хөгжлийн банкны асуудал дээр 1 жил орчим ажилласан бол бид 14 хоног шинжээч ажиллуулж дүгнэлт гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Эдийн засгийн байнгын хороо ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй. Ирц хүрээгүй бол дахин шинжээч томилж, сонсголын товийг дахин гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Зах зухаас нь хэлэхэд л 63 тэрбум төгрөгөөр хамгаалах хэрэгсэл худалдаж авсан байна. Үүнээс 20-30 тэрбум төгрөгөөр нь бараг хэрэгцээ шаардлагагүй болсон үед маск, хамгаалах хувцас шууд худалдан авалт хийсэн. Одоо энэ зүйлүүд нь бүгд агуулах саванд хадгалаатай байна. Нэг ширхэг нь 1 сая 450 мянган төгрөгийн үнэтэй цус шингэлэх эм 10 тэрбум төгрөгөөр авчхаад бараг нэгийг ч хэрэглээгүй. Одоо хугацаа нь дуусаад агуулахад хэвтэж байгаа. Гэх мэт бодлогын алдаанууд, магадгүй ашиг сонирхол шингэсэн ч байж болох олон асуудлууд бий. Дэлхий даяар аймшигт халдварт өвчин дэгдлээ гээд бүгдээрээ эрүүл мэндийн салбараа дэмжиж ажилласан. Сүүлдээ эрүүл мэндийн салбарт мөнгө нь багтахаа болиод дурын зүйлд зарцуулж эхэлсэн ч байж магадгүй нөхцөл байдал үүсч байна. Зөвхөн нэг дүүргийн эмнэлгийн санхүүжилт 20-30 тэрбум төгрөгөөр илүү гараад, тэр эмнэлэг нь эм эмчилгээнд биш, ковидод биш, 25 тэрбумаар ажилчдын орон сууц барина, яагаад гэвэл дансанд мөнгө байна гээд зураг хийлгээд явж байсан тохиолдол ч бий. Иргэд эрүүл мэндийн салбарт гээд 2 гараа өргөөд дэмжиж байхад нөгөө талд нь гарын салаагаараа мөнгө урсгаж байж. Энд нэг зүйлийг заавал тодотгож хэлэх ёстой нь эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилчдын хүч хөдөлмөрийг үгүйсгэж байгаа зүйл огт биш. Үүний цаана эрх мэдэл бүхий шууд худалдан авалтын гэрээ хийж байсан албан тушаалтнууд дээр л асуудлыг хөндөж ярьж байгаа юм” хэмээн нэлээд ноцтой мэдээлэл хийсэн. Зарим нэг албан бус мэдээллийн эх сурвалж хөнгөн өвчтөнг эмчлэхэд 6.962.000, хүндэвтэр өвчтөн эмчлэхэд 12.598.000, хүнд өвчтөнг эмчлэхэд 32.000.000 төгрөг тайланд тусгагджээ хэмээн мэдээлсэн. Энэ бүхнээс харвал АН ор үндэсгүй шаардлага тавиагүй бололтой.
Д.Дорж