Цахилгаан скүүтер унасан 19-20 орчим насны залуу МУБИС-ийн автобусны буудал дээр жаахан хүүг мөргөж унагачихаад ядаж босгоод ч өгсөнгүй хурдхан шиг зугатав.
Төв номын сангийн эсрэг талд, “Алтай констракшн” компанийн шилэн барилгын нэг давхарт 50 орчим насны эмэгтэй 10 гаруй боодол сонин өргөж цахилгаан шат руу дөхүүлэх юм. Харамсалтай нь үүдэнд нь сууж байсан дөрвөн залуу, нэг охины хэн ч нь тусалсангүй. Тийм сэтгэл харагдсангүй. Ядаж эмэгтэйд нь “Та нар ээж шигээ, эгч шигээ хүнд туслаач” гэж хэлэх ухамсар байсангүй. Компанийн харуул хамгаалалтын залуус ч хөдөлсөнгүй.
Автобусанд хоёрын хоёр өндөр настан зогсоод байхад утсаа оролдсон, унтсан дүр эсгэсэн охид, хөвгүүдийн хэн нь ч суудал тавьж өгсөнгүй. Аргаа ядаад “Чи наад хүндээ босоод өгөөч” гэвэл сонсоогүй мэт царайлах юм.
Тоглоомын талбай дээр ирчихээд бага насны хүүхдийн гулсуур, савлуур дээр суун тэр дор нь эвдэх цэвдэг сэтгэлтэй хөвгүүд, охид олон байна. Орцонд архи ууж, тамхи татан шаардлага тавьсан оршин суугчдын өмнөөс зүй бус хэлэх, нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвдлэн сүйтгэгчдэд оноох хариуцлага гэж байна уу?
Адилхан хүн байж нэгнийхээ тухай сошиалаар цуурхал тарааж, нэр төрөөр нь тоглож кайф авдаг дэндүү хүний мөсгүй үзэгдэл газар авлаа. Атаач хорон сэтгэлээр өөрт нь таалагдаагүй хүнийг амьдаар нь алахаас буцахгүй хүн сүгнүүд хэзээ нэгэн цагт энэ хорвоогоос нүглээ тээгээд буцна гэдгээ мэдэхгүй байгаа нь эмгэнэл. Муу санаа эзнээ отдогийг хэзээ ойлгож, ухаантай амьдарч сурах юм бэ?!
“Амьдрал мөнх биш. Хүн шиг байж үзээч” гэж нэгэн ухаантан бачимдан өгүүлсэн байдаг. Одооны зарим залуус дэндүү увайгүй, хүн чанаргүй болсон нь энэ хэдхэн жишээнээс харагдаж байна. Нэг нэгэндээ туслах нь хүн гэдэг амьтны хамгийн чухал мөн чанар. Тэр ч бүү хэл араатан өөр амьтны үр зулзагыг энэрэн хайрлаж байгаа тохиолдол олон бий шүү дээ. Амиа бодсон, бусдыг гэх сэтгэлгүй, хүн чанаргүй хүмүүс олширч байгаа нь Монгол хүний халуун сэтгэл хөрч, алга болж байгаагийн илрэл билээ. Үндсэн шинж төлвөө алдах нь үндэстний хувьд маш том гарз хохирол юм.
Д.Лхагва