УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ц.Даваасүрэн гишүүний асуултад хариулахдаа “Аливаа гэмт хэргийг хууль зөрчөөд ч хамаагүй хүлээлгэх ёстой гэдэг зарчим хэрхэвч байж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь тухайн хүн гэмт хэрэгтэн байсан ч бүх талын хүний эрхийг хангаж, нотлох баримт дээр л тулгуурлаж, шударга ёсны зарчим дээр явагдах ёстой” гэв. Ц.Даваасүрэн гишүүн “Хэрхэвч байж болохгүй гэж та хэлээд байна. Гэхдээ одоо прагтик дээр байгаад байгааг яаж таслан зогсоох вэ? Оросын арга барилаар эрүүдэн шүүж, дарамталж байж хэрэг хүлээлгэдэг технологи чинь байсаар л байна. Хойшлуулашгүй үндэслэлээр баривчлах гэдгийг боль. Гүйцэтгэх ажиллагаагаар нотолж байж л баривчилдаг болох хэрэгтэй. Дарамталж байгаад хүн амьны хэрэг хүлээлгэсэн тохиолдол олон бий. Баривчилж байж хэрэг хүлээлгэдэг байж болохгүй” гэвэл Б.Энхбаяр сайд “Санал нэг байна. Өөрөөр нь хэргийг хүлээлгэдэг зарчим арга барилаас татгалзах хэрэгтэй” гэж хариулсан юм.
Д.Лхагва