Сургуулийн хүртээмж муугаас сурагчид 3 ээлжээр хичээллэх үзэгдэл арилсангүй. Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдэн номын дуу сонсч байна гээд бодохоор сургалтын чанар ямар байх нь ойлгомжтой. Цэцэрлэгийн ачаалал ч хэтэрч, хүссэн хүүхэд болгоныг авах боломж муу хэвээр байна. Сургууль, цэцэрлэгийг шинээр барих шаардлага байсаар байна.
Гэхдээ энэ жишээ бол хотын хүн ам хэт их өсч, төвлөрөл нийслэлд зонхилсны гэрч юм. Уулын бэлээс оройг нь хүртэл бүрхсэн гэр хороолол нь барилгажихгүй, хотын төв, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн 12-16 давхар барилгыг шавуулаад байхаар тухайн бүс нутаг, орчинд ачаалал ямар байх нь дэндүү тодорхой. БЗД-ийн 15 дугаар хорооллын 30 дугаар сургуульд л гэхэд 10 жилийн өмнө нэг ангид 35-37 хүүхэд хичээллэдэг байлаа. Гэтэл сүүлийн 5 жилийн дотор тэр орчимд 16 давхар барилгууд олноороо баригдсанаар сургууль, цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгджээ. Одоо бага ангиуд л лав 50-55 хүүхэдтэй хичээллэж байна. Тэр хавьд сургууль, цэцэрлэг нэмж барих боломж хомс. Яагаад гэвэл ихэнх зай талбайг нь орон сууцнууд эзэлсэн. Бүр яаж барилга барьдаг байна вэ гэмээр газар 16 давхаруудыг бөөр бөөрөөр нь нийлүүлээд босгочихсон.
Хот руу чиглэсэн их нүүдэл зогсоогүй цагт сургууль, цэцэрлэг шинээр барих хэрэгцээ дагаад л үүснэ. Уг нь Монголын төр төвлөрөлийг сааруулах бодлого боловсруулаагүй биш боловсруулсан.
Тухайлбал, 2001 оны 6 дугаар сарын 14-ний өдөр УИХ-аас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан тогтоол гаргаж билээ. Гэвч тэр тогтоол хэрэгжээгүйг Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгалаас төвөггүй харж болно. Өөр нэг жишээ дурдвал 2017 оны 1 дүгээр сард хотын дарга С.Батболд агаарын бохирдлыг сааруулах үүднээс 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж, улмаар 2020 он хүртэл сунгаж байлаа. Гэвч хөдөөнөөс хотод суурьших бүртгэлгүй иргэдийн тоо өссөөр л байв.
Сургууль, цэцэрлэг нэмж бариад байх биш хот руу нүүх үзэгдлийг сааруулахад л төрийн бодлого чиглэх ёстой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар орон нутгийн иргэдийн хот бараадах үзэгдлийг хязгаарлах асуудлын хүрээнд хөдөөгийн хөгжлийг дэмжих, хотоос аймаг, сумын төвд очиж ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд цалин хөлсний нэмэгдэл, урамшууллаас гадна бага хүүтэй орон сууцны хөнгөлөлтөд хамруулах зэрэг арга хэмжээ авахаар болсон. Үр дүн нь гарч байгаа эсэхийг хэлэхэд эрт байна. Бас 2023 оны 10 дугаар сарын 19-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ “Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно. Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог байх болно” хэмээн том зорилт дэвшүүлж буйгаа зарласан. Нэг ёсондоо хөдөөгийн хөгжлийг дэмжих замаар төвлөрлийг сааруулж, нийслэлийн ачааллыг бууруулах бодлого боловсруулна гэдгээ амалсан хэрэг. Гэхдээ үр дүн нь л чухал байна. Янз бүрийн сайхан хөтөлбөр, бодлого, зорилт, амлалт цаасан дээр л үлдээд байвал нэг мэдэхэд хөдөө орон нутаг эзгүйрч болзошгүй! Тэр цагт улсын нийслэлийн маань утга учир алдагдах нь даанч үнэн!
Д.Лхагвадорж