Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Израил улс зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд, энэ тусламжийг хулгайлах гэсэн ХАМАС бүлэглэлийн аливаа оролдлого нь “Палестины ард түмний сайн сайхны төлөө санаа зовнихгүй байгааг нь илтгэн харуулах болно” хэмээн анхааруулжээ.
Ж.Байден Тель-Авив хотноо хэлсэн үгэндээ, АНУ мөргөлдөөний үеэр энгийн иргэдийн амь насыг хамгаалахын төлөө тодорхой байр суурийг баримталж байна хэмээгээд, Газын зурвасын оршин суугчдад хоол хүнс, ундны ус, эм тариа, хорогдох байр хэрэгтэй байгааг нэмж хэлсэн байна. “Өнөө өглөө би Израилын онц байдлын танхимын сайд нараас Газын зурвас дахь энгийн иргэдэд амь насыг нь аврах хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөхийг хүссэн, Ингэхдээ хяналт шалгалт хийж, тусламжийг ХАМАС руу биш энгийн иргэдэд хүргэх ёстой гэдгийг онцолсон” гэж Ж.Байден мэдэгджээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Израил хүмүүнлэгийн тусламжийг Египетээс Газын зурвас руу нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрсөн. Бид Египетийн Засгийн газар, НҮБ ба түүний агентлагууд, Дэлхийн хүнсний хөтөлбөр болон бүс нутгийн бусад түншүүдтэй нягт хамтран ажиллаж, ачааны машинуудыг аль болох ойрын хугацаанд хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэсэн байна.
Түүнчлэн Египетийн тал Рафах боомтыг хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх зориулалтаар нээхийг зөвшөөрсөн байна. Ж.Байден Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй “Air Force One” нисэх онгоцонд цаг гаруйн турш хэлэлцээ хийснийхээ дараа энэ тухай мэдэгдсэн байна.
Тодруулбал, Египетийн Ерөнхийлөгч Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийн 20 хүртэлх ачааны машиныг нэвтрүүлэхийн тулд Рафах боомтыг нээхийг зөвшөөрчээ. Ж.Байден хэлэхдээ “Хэрэв ХАМАС хүмүүнлэгийн тусламжийг хурааж авах юм уу, нэвтрүүлэхгүй бол энэ үйл ажиллагаа зогсох болно. Учир нь бид тусламжийг ХАМАС руу илгээгээгүй” гэсэн байна.