Ахмад настны сэтгэлзүйн доройтлын талаар Ахмадын эрүүл мэндийг дэмжих “Зуунтай” холбооны тэргүүн Л.Лхагвадолгорын тавьсан “Ахмад настны сэтгэлзүйн эрүүл мэнд” лекцээс хүргэе.
Би олон жилийн өмнө ааваасаа хагацсан. Аавынхаа хойноос буян хийх ёстой биз дээ? Тэгээд маани, тарни уншихаас илүү хүмүүст туслая, тэр тусмаа настай хүмүүст туслая гэж шийдсэн. Ингээд ахмадын эрүүл мэндийг дэмжих төрийн бус байгууллага байгуулж 23 жил цалингүй ажиллалаа. Уг нь багш хүн л дээ, би.
Ахмадуудад яаж туслах талаар эргэцүүлж бодоод настны сэтгэлзүйн эрүүл мэнд хамгаас чухал юм байна гэдгийг ойлгож мэдээд ахмадуудын сэтгэлзүйг судалж эхэлсэн. Ахмад настнуудын сэтгэлзүйн доройтол аливаа өвчний шалтгаан болдог ажээ. Сэтгэлзүйн хувьд унах асуудал айдсаар үүсээд байгаа юм. Ахмадууд маань үхвэл яана, үхэхээсээ өмнө өвдвөл яана гэдэг айдас дунд амьдарч байна. Гэтэл Японд багаас нь үхэл гэдгийг ойлгуулж, сэтгэлзүйг нь бэлддэг. Манай Монголын ахмадуудын хувьд ямар нэг өвчний онош тогтоогдлоо гэхэд сэтгэл нь бүр хямарч, өвчин нь даймжирдаг.
Эмэгтэй хүмүүс толинд хараад нүүрэнд нь үрчлээ тогтсон байвал гутарч байна. Үр хүүхдээ сайн явахгүй бол хямарч байна. Юмны үнэ өсөөд байх тусам бухимдаж гутарч байна. Хөгшин хүмүүс хэрэггүй, үхээсэй гэж сошиалаар бичээд байгааг хараад гомдож байна.
Ахмадуудын хувьд дараагийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал бол ганцаардал. Ганцаардлаас болоод зөнөгрөл, тэнэгрэлд орж байна. Ганц бие байх нь ганцаардлын шалтгаан бус юм. Байгаа орчноосоо тусгаарлагдахаас ганцаардал үүсдэг юм билээ. Би өөрийнхөө танил чинээлэг эмэгтэйн амьдралаас жишээ татая. Цагаан сар болохоор хүүхдүүд нь гадаад улс руу явуулчихдаг. Гадаад оронд очоод сайхан байхаасаа илүү хэнтэй ч золгоогүйдээ тэр настан маань ганцаардсан. Улмаар сэтгэлзүй нь хямарсан. Түүнээс гадна гэртээ үеийн хөгшчүүдээ оруулаад ирэхээр бэр нь уурладаг гэнэ. “Янз бүрийн хүн оруулж ирж гэр бохирлолоо” гэж. Ингээд гэртээ хүн оруулах эрхгүйдээ ганцаардаж байгаа юм. Тэр ч бүү хэл гадаа нарлаж байгаа ахмадуудтайгаа яриад суухаар хүүхдүүд нь “Гудамжны хүмүүстэй та юу яриад байгаа юм” гэж загнадаг гэнэ. Энэ мэтээс болоод ахмадуудад сэтгэлзүйн тулгамдсан асуудал үүсээд байна.