НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл лхагва гарагт яаралтай хуралдаж, Газын зурвас дахь Аль-Ахли эмнэлэг рүү дайрсан тухай асуудлыг хэлэлцэх гэж байна.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, яаралтай хуралдаан орон нутгийн цагаар 10:00 цагт товлогдсон бөгөөд нээлттэй мэтгэлцээн хэлбэрээр явагдана. Хуралдаанаар Газын зурваст “хүмүүнлэгийн түр завсарлага” тогтоохыг шаардсан Бразилын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Өмнө нь ОХУ, АНЭУ хамтран Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлахыг уриалжээ. Мягмар гарагт Аль-Ахли эмнэлэг агаарын цохилтод өртсөний улмаас 500 гаруй хүн амиа алдсан гэж Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф аль-Кудра Anadolu агентлагт мэдээлсэн байна.
Олон нийтийн сүлжээгээр цацагдсан дүрс бичлэгт эмнэлгийн эргэн тойронд цогцсууд байгааг харуулжээ. Anadolu агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, эмнэлгийн барилга агаарын цохилтод өртөх үед олон мянган палестинчууд дотор нь байжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.