“Улаан диплом, бараан явдал” (Ц.Дашдорж), “Ууршуулж алдсан шингэн алт хайран” (Г.Жамц), “Далай ээж цаазын тавцанд” (Ц.Балдорж), “Ганц сар наслуулах гэж 10 сар тээдэггүй” (Ц.Балдорж), “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт (О.Дашбалбар), “Номон дээр гишгэсэн алдас” (О.Дашбалбар) “Дээд комиссын доод ажил” (Ц.Дашдондов), “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” (А.Даваасамбуу), “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” (Ш.Цэен-Ойдов), “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз?” (Ж.Барамсай)… Нэрнээсээ эхлээд л ямархуу хурц нийтлэлүүд болох нь мэдрэгдэж байгаа биз. Бүгд л 1990 оноос өмнө нийгмийг цочроож байсан даацтай бүтээлүүд. Тухайн үед манай улсад нийгмийн тогтолцооны өөрчлөлт хийгдэж амжаагүй байсан ч сэтгүүлчид болж бүтэхгүй бүхнийг зоригтойгоор илчилдэг байсны нэгэн гэрч нь энэ. Ёстой л аянга шиг буудаг байсан гэдэг. Хамгийн бахдууштай нь тухайн үеийн эрх мэдэлтнүүд сонин хэвлэлийн нийтлэлийн мөрөөр шуурхай арга хэмжээ авдаг байсан нь бодит үнэн. Жишээ татахад, Ш.Цэен-Ойдов гуайн “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” нийтлэл хэвлэгдсэн даруйд асуудал МАХН-ын Төв хороонд хүрч, улмаар хотын захиргааны холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч байлаа.
“Дэглэгчдэд дэг хэрэгтэй” хэмээх эрэн сурвалжилсан нийтлэлийн ачаар ардын армид бугшсан аюултай үзэгдэл ил болж, нийгмийг яаж шуугиулж байсныг өнөө үеийнхэн мэдэхгүй л дээ. “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Л.Түдэвийн дэмжлэгээр Жаргалын Барамсай “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз?” гэж бичээд ямар өөрчлөлт хийснийг мартах учиргүй!
2009 онд шиг санагдаж байна. Сэтгүүлч Ш.Даваадоржийн “Эх, үрсийн нулимсыг урсгасан аймшигийн газар” хэмээх асуудал дэвшүүлсэн өгүүлэл “Өнөөдөр” сонинд хэвлэгдлээ. Сонин өглөөний 09 цагт хүмүүсийн ширээн дээр очсон гээд бодоход 10 цагт Эрүүл мэндийн сайдын зөвлөл яаралтай хуралдаж, уг асуудлыг авч хэлэлцэж байсан юм.
Ямар ч нийгэмд сэтгүүлчид үгүй бол тэгээд бүх зүйл ёстой л дуус, дуус. Хэн түнэр харанхуйг гийгүүлэх юм бэ? Хэн төр засгийн алдаатай шийдвэр, өөр олон бусармаг үйлдэл, бузар булай болгоныг олон түмэнд хүргэх юм бэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэ цэнэ үүнд оршдог юм! Тийм учраас хамгийн эв нэгдэлтэй байх учиртай салбарынхан бол хэвлэл мэдээллийнхэн. Харамсалтай нь мөнгөтэй олигархиуд улстөрийг улстөрчидтэй нь худалдаж авсан шигээ сэтгүүлчдийг эрхшээлдээ оруулах болсон нь нууц биш. Гэхдээ жинхэнэ хараат бус шинжээрээ ажиллаж чадаж байгаа, ёс зүйтэй редакци олон бий шүү! Цаашдаа ч эрүүл сэтгүүлзүй, эрүүл нийгмийн төлөө хэвлэлийнхэн нэгдэж, нэгэн дуугаар тэмцэх ёстой. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг мэргэжлийн алдаа гаргасан бол тогоон дотроо ярья. Хэвлэлийн консул (Хэвлэл мэдээллийн зөвлөл)-дөө хандая! Улстөрчид шиг толхилцож, хагарч үнэ цэнээ унагаах хэрэггүй! Бидний нэр хүнд унавал увайгүй хүмүүст бөөн олз л гэсэн үг. Буруу, муу бүхнийг илчилж, нийгмийг зөв замд чиглүүлэх үүргийнхээ төлөө хэнээс ч бүү ай, хэзээ ч битгий шантар! Хүчтэй, нэр нөлөөтэй байхын тулд эвтэй байх цаг одоо шүү!
СЭТГҮҮЛЧДИЙГ ДОРД ҮЗЭЖ БОХИР ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭГЧДЭД ХЭЛЭХЭД, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОРШИН ТОГТНОЖ БАЙГАА УЧРААС, ЭР ЗОРИГТОЙ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОН ЗАЙ ТЭЛСЭЭР БАЙГАА УЧРААС АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ УНТРААГҮЙ ЮМ!!!
Д.Лхагвадорж