Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах заалт тусгасныг МСНЭ-ээс эсэргүүцэж, хуулийн заалтыг хасах шаардлагыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт гардуулсан юм. Үүнтэй холбогдуулж сайд Б.Энхбаяр мэдээлэл хийсэн бөгөөд “Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар энэ гэмт хэргийн субъект нь жирийн иргэд, сэтгүүлчид огт биш. Өөрөөр хэлбэ, жирийн иргэн, хэвлэл мэдээлэлд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчилж өгнө. Энэ асуудлаар би Хууль зүйн сайдынхаа хувьд МСНЭ-тэй хамтарч ажиллаж, хуулийн төсөл өргөн барина. Мөн Эрүүгийн хуульд буй “Доромжлох” гэдэг заалтыг хасна. Энэ асуудалд хамтарч ажиллаарай гэж нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчиддээ хандаж уриалах байна. Хэрвээ энэ хууль батлагдвал сэтгүүлчийн эсрэг хэрэг үүсгэдэг, цагдаад дууддаг асуудал байхгүй болно гэдгийг би баталгаатай хэлье” хэмээн мэдэгдлээ.
Д.Дорж