Х.Нямбаатар улсын нийслэл Улаанбаатарын 36 дахь дарга боллоо. Хотын шинэ даргыг томилох асуудлыг нийслэлийн ИТХ дээр хэлэлцэх байх үеэр тэрбээр “Нийслэлийн 1.7 сая хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллана. Хотын хөгжлийн төлөө улс төрийн болон захиргааны шийдвэрүүдийг тооцоо, судалгаанд үндэслэн гаргана гэдгээ хэлж байлаа. Тухайлбал, хувийн тээврийн хэрэгслийг хязгаарлах бус, нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ. Нийслэлд бугшсан авлигын асуудлыг ил гаргаж ирнэ” гэгчлэн амласан юм. Өмнө нь ч “УБ хотын газар олголт, хот төлөвлөлтийг бодохоор гомдмоор, бачуурмаар. Үр хүүхэд, ирээдүй минь үлдэж амьдрах хот. Хайр найргүй, баруун солгойгүй зарсан. Зүү шигдэх зайгүй болтол нь чигжсэн бетонон ширэнгэ. Ийм л хотод бид амьдарч байна. Даанч харамсалтай. Хотынхоо газрыг зарж дуусаад Дархан цаазат Богд уулаа зарсан. Хотхон босгоогүй, ухаж сэндийчээгүй ам гэж энэ ууланд алга. Даанч сайхан Хан уулыг минь сэглээд үлдээлээ. Хэзээ, хэн гэдэг дарга хэчнээн газар олгосон тухай мэдээлэл ил болсон…” хэмээн хашгирах нь холгүй бачимдаж байлаа. Түүний хэлсэн болгон үнэн л дээ.
Тэр одоо амласан ёсоороо хотын өмнөх дарга нарын үеийн авлигын хэргийг сөхөхөөс ажлаа эхлэнэ. Ийм хүлээлт нийгэмд байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс үзвэл нөгөөдүүл нь яггүй сандарч байгаа бололтой. Ямартай ч хотын шинэ дарга улсын нууц нэрийн дор хийсэн цавчаа, газрын наймаа гээд нийслэлд нүүрлэсэн олон идээ бээрийг шахах гээд зүтгэх нь тодорхой болоод байна.
Д.Лхагва