…16-17 орчим насны охид, хөвгүүд хүүхдийн тоглоомын талбай дээр бөөгнөрчээ. Зүгээр ч нэг суусангүй нэг охин нь 3-5 настай жаахан хүүхдэд зориулсан савлуур дээр суучихаад боссонгүй. “Наадах чинь та нар шиг том хүүхдүүдийг даахгүй. Дүү шигээ нялх амьтдын тоглоомыг эвдээд ямар ухамсаргүй хүүхдүүд вэ” гэж настай эмгэний хэлэхийг үл тооно. Тэр ч бүү хэл “Тэгээд яадаг юм” гэж хэгжүүрхэж байх юм.
…Хүн ихтэй автобусны хаалганы дэргэдэх сандал дээр 19 орчим бүсгүй тухалжээ. Дэргэд нь нэлээд өндөр настай өвгөн суудал тавиад өгөх болов уу гэсэн горьдлогын харцаар дэмий л нэг гуйна. “Наад хүндээ босоод өгөөч” гэвэл залуу охин өмнөөс муухай харснаа “Чадахгүй. Хохь чинь” гэдэг байгаа.
…Гудамжинд том ууттай зүйл үүрсэн 40 гаруй насны эр ахлах ангийн хэдэн охид, хөвгүүдтэй зөрлөө. Гэтэл өндөр, дэгжин охин нөгөө хүнийг мөргөчих юм. “Өмнөхөө хардаггүй юм уу, та нар чинь?” гэж үүрч яваадаа түүртсэн эрэгтэй хэлбэл нөгөө охин “За хуцаа хуц” гэж өмнөөс нь асав. Өөрийнхөө бурууг хүлээж, уучлалт гуйх сэтгэлгүй, бусдыг, тэр тусмаа ахмад хүнийг хүндлэх ухамсаргүй төлөвшиж яваа охин болох нь илэрхий. Хүн чанар жижигхэн зүйлээс харагддаг. Өчүүхэн зүйл дээр чанар нь танигдаж байгаа хүүхэд ямархуу ааш араншин, үзэл бодол, сэтгэл зүрхтэй хүн болох нь тодорхой. Хүүхэд бол тухайн нийгмийн гэхээсээ эх, эцгийнхээ толь байдаг. Бусдыг ялгаж ярилцдаг, амиа бодсон, хүнлэг, энэрэнгүй ёсны утга учрын талаар багаасаа сонсч дуулаагүй хүүхэд эргээд эцэг, эхээ ч хайрлахгүй. Эцэг, эхээ хайрлахгүй хүүхэд өөр хэнийг ч өрөвдөхгүй. Тийм хүнд эх орон, элэг нэгтнээ гэх сэтгэл ухаан даанч нэг дутна.
Дунд сургуулийн ахлах ангид ялгаварлан гадуурхах, дээрэлхэх үзлээс болж сэтгэл санаагаараа хохирсон хүүхдүүд цөөнгүй. Амиа хорлох хэмжээнд хүрсэн жишээ ч байдаг.
“Би 10-12 дугаар ангидаа ангийнхаа 10 гаруй охинд дээрэлхүүлж сэтгэл санааны маш хүнд дарамтанд орж байсан. Манай анги 28 охинтой байлаа. Тэдний бараг тал хувь нь намайг гадуурхана. Хүний санаанд оромгүй үгээр дайрч доромжилж, зүхнэ. Хийгээгүй хэргийн төлөө бүлэглэн дайрна. Нэг нь бүр “Чи миний хайртай хөвгүүнийг булаасан” гэж ангийн хүүхдүүдийн өмнө хэлэх хэлэхгүй үгээр хэлж дайрсан удаатай. Би тэр хайртай гээд байгаа бандийг нь мэдэх ч үгүй. Гэтэл хов живэнд итгээд л байж суухын аргагүй болгодог байсан. Аав, ээждээ хэлмээр байсан ч сэтгэл нь зовчихно гээд чадаагүй. Тэд нараас болоод би хичээл сурлагадаа муудаж, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжгүй болсон” гэж харуусан ярих охинтой тааралдаж л байлаа. Ийм жишээ олон бий! Сургуулийн орчны дээрэлхэлтийг таслан зогсоох талаар Боловсролын сайдаас өгсүүлээд ярьж байгаа нь үнэхээр тулгамдсан асуудал болсон учраас тэр! Сошиалыг ашиглан нэгнийгээ үзэн ядагчдын групп гэж нээчихээд тал талаас нь баалан доромжилж, сэтгэл санааны дарамт учруулж байгаа нь хүүхдийн хувьд байж болохгүй асуудал. Эцэг, эхээс гадна багш нар сурган хүмүүжүүлэх үүргээ сахимаар байна. Салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгнийгээ гадуурхан хавчдаг хүн ёсноос гадуур үзэгдэлд онцгой анхаарах цаг хэдийнэ болж!
Ирээдүйн эх гэдэг утгаараа охид уг нь хөвгүүдээс илүү өр зөөлөн, уян хатан, ухаалаг байх ёстой. Гэтэл эрэгтэй хүүхдээс дор хүйтэн сэтгэл гаргаж болохгүй шүү дээ. Архи, тамхи, бүр мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, гэмт үйлдэл гаргадаг, хэний ч үгийг авдаггүй хэмжээнээсээ хэтэрсэн зантай хүүхдүүдэд аав, ээж, багш нараас нь гадна төр засаг, хууль хүчний болоод олон нийтийн байгууллагууд яагаад анхаарахгүй байна вэ? Өсвөр үеийнхэн дотор буруу тал руу эвдэрч байгаа хүүхдүүд дийлэнх хувийг эзлэхгүй байгаа ч бусдадаа нөлөөлөх нөлөө гэж бий!
Тэдэнд эрх ч бий, үүрэг ч бий. Гэтэл эцэг, эх, гэр бүл, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар ямар ч ойлголтгүй шинэ үе бойжиж байгаа нь тухайн хувь хүн, гэр бүлээс гадна энэ улсад дэндүү хохиролтой! Хүүхдүүдээ хайрлаж, зөв хүн болгох нь хамгийн том сэдэв болоод байна! Тэднийхээ ирээдүйг хайрлая.
Д.Лхагвадорж