“Оюу толгой” ХК Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Энэ талаар тус компанид ажиллаж байсан ахмад сэтгүүлч Б.Батбилэгийн бичсэнийг хүргэе.
“Оюу толгой” компанийн удирдлага ахмад настнуудаа Цагаан сар, Ахмадын өдрөөр хүлээн авч баярлуулдаг сайхан уламжлалтай. Өнөө жилийн уулзалт Богд хан уулын Жаргалантын амнаа орших “Чингис хааны хүрээ” хэмээх тансаг цогцолборт болов. Дэлхийд тэргүүлэгч, уул уурхайн том компанид хамтран зүтгэж байсан, төрөл бүрийн мэргэжилтэй 40-өөд ахмад баяр хөөртэй учран золгож, нөхөрсөг яриа хөөрөө өрнүүлж хуучилцгаав. Хөзөрдөв, даалуудав, дуулцгаав, бүжиглэцгээв, шагнуулцгаав, бэлэг авцгаав,
“Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелиса Шаненганге хатагтай дэлхийд гайхуулах том уурхайг бий болгох, өдий зэрэгт хүргэж хөгжүүлэхэд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан хэмээн биднийгээ магтаж, эрүүл энх байж сургаал зөвлөгөөгөө харамгүй хэлж байгаарай гэж хүсэв. Бас хагас сая төгрөг бүхий карт бэлэглэж урам хайрлав.
Санаандгүй байтал намайг уул уурхайн 100 жилийн ойн медалиар шагнав. Хүрз жоотуу барьж атга хөрс хуулаагүй, аварга экскаватор, өөрөө буулгагч жолоодож ганц тэвш хүдэр олборлоогүй, үйлдвэрт ажиллаж нэг шуудай баяжмал боловсруулаагүй намайг юуны учир ийн шагнасан юм бол, “Оюу толгой”-д долоон жил ажиллахдаа чухам юу хийж бүтээсэн билээ гэж тэрхэн зуур бодож суув. Юутай ч олон нийтэд компанийнхаа, уурхайнхаа талаар үнэн зөв мэдээлэл өгөх, “Оюу толгой 1957-2015”, “Оюу толгой нэгэн жаранд” хэмээх хоёр номыг монгол, англи хэлээр бэлтгэж хэвлүүлэх, Оюу толгойн ордыг анх нээсэн гайхамшигт хүмүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, нэр алдартай геологич Дондогийн Гарамжав ахтаны “Дурсамж 1”, “Дурсамж 2” хэмээх хоёр сайхан бүтээлийг эх барих, “Орон нутгийн сонин” нэртэй сар бүрийн бэсрэг товхимлын 50 гаруй дугаарыг эрхлэн гаргах, тус бүр нь 1000 шахам хуудастай, зургаан ботиос бүрдсэн Оюу толгойн ордын нөөцийн тайланг хянан тохиолдуулах, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, нэрт найрагч, сэтгүүлч Данзангийн Нямаа андтай хамтран “Сэрсэн говь” нэвтрүүлгийн цөөнгүй дугаарыг бэлтгэн Монголын үндэсний радиогоор олны хүртээл болгох, Улаанбаатар, Даланзадгад хот, Ханбогд, Манлай, Баян-Овоо сум, Оюу толгойн уурхайд болсон төрөл бүрийн үйл ажиллагаанд хэвлэл мэдэээллийнхнээ цуглуулж аваачих… гээд хэрдээ чармайж явж дээ. За нэг иймэрхүү дурсамжтай нэгэн өдөр ард хоцорлоо.
Б.Батбилэг