Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын хагарал үргэлжилж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны 1 дүгээр сарын 16-нд Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд хандан “Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн гадны компанитай хуйвалдан стратегийн орд газар болох Тавантолгойг Хятадад 100 жилээр өгөх ажлыг зохион байгуулсан. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулая” гэж байсан юм. Үүний хариуд Ц.Элбэгдорж баахан сэтгүүлчдийг цуглуулж байгаад “Баттулга бол зүгээр л нэг хулгайч. Би хулгайчийг үнэрээр нь танина” хэмээн ууртайхан мэдэгдэж байлаа. Эндээс мань хоёрын зөрчил хурцдаж эхэлсэн.
Өөр нэг тодорхой жишээ дурдвал Х.Баттулга 2022 оны 3 дугаар сарын 30-нд Өмнөговь аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзах үеэрээ “Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадын “Шинхуа” гэж компанид 100 жилээр түрээслэх санал УИХ-д оруулж ирж байсан юм. 100 жилээр шүү дээ. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг яллах гээд байгаа юм биш. Үеийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсыг удирдаад явна. Тэгэхдээ хэн нь ч, хэзээ ч газар нутгаа тасдаж, гадныханд 10, 20, 30, 100 жилээр өгч болохгүй ээ гэснээс болж би маш олон дайсантай болсон. Ц.Элбэгдоржтой муудсан шалтгаан бол эх орон, газар нутаг, Тавантолгой, баялгаа харийнхнаас хамгаалсан явдал юм шүү. Би хэнтэй ч хэрэлдээд яваад байдаггүй. Дарга нарын зодоон гээд над руу хаяглаад байх шиг байна. Үнэндээ нөгөө хэд чинь л нийлчихээд над руу дайраад байгаа шүү дээ. Ерөөсөө гурав, дөрөвхөн хүн байгаа. Ц.Элбэгдоржтой би 30 гаруй жил найзалсан. Яг ийм зүйл дээр бол би хүлээн зөвшөөрч, цаашид найзалж явах боломжгүй болсон” хэмээн нэлээд ноцтой гэмээр зүйл ярьсан. Нэг ёсондоо бид хоёр хэзээ ч нэг дээвэр дор орохгүй гэдэг санаагаа ийнхүү тод томруун илэрхийлсэн юм.
Аль аль нь АН-ын эрх мэдлийг авах гэж зүтгэсэн. Х.Баттулга АН-ын даргыг сонгох сунгаа гэгчийг бүх орон даяар зохион байгуулж, өөрөө 96,3 хувийн саналаар ялалт байгуулсан ч Дээд шүүх дээр бүдэрсэн. Хамгийн гол нь АН дотор нөлөө бүхий бүлэглэл түүнийг хүлээн зөвшөөрөхгүй л дээ. С.Баярцогт, М.Энхсайхан, Да.Ганболд нарыг ялласан буруутан нь Х.Баттулга гэж итгэсэн улс АН-д олон байгаа болохоор хэцүү. Гэхдээ Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдож, улмаар Дээд шүүх түүнийг бүртгэж авснаар Х.Баттулгын орон зай тус намд бага үлдсэн гэхэд болно. Ингээд бодохоор Х.Баттулгад АН-аас салан тусгаарлаж, нам байгуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэрбээр МоАХ-ны бааз суурин дээр нам байгуулж тун магадгүй болоод байна. Тэгээд ч Оросын талыг “баримтлагчийг” америк либераль үзэлтнүүд хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой биз.
Д.Лхагвадорж