Алт, мөнгөн эдлэлийн уран дархан, багш, Соёлын өв тээгч Н.Чимэддорж гуайтай уулзах хүсэлтээ утсаар хэлэв. “Маргааш өглөө манай гэрт хүрээд ирэх үү?” гэж байна. Би ч цаг алдахыг хүсээгүй тул үг дуугүй зөвшөөрлөө. Өглөө нь товлосон цагаасаа 5 орчим минут хоцроод хонхыг нь дарав. Эхнэр нь бололтой нүдэнд дулаахан, маш эелдэг эмэгтэй хаалгаа тайлж өгөв. Н.Чимэддорж “Бид хоёр хотоос зайдуухан амьдарч байгаа. Сонины хүн ирнэ гэж дуулаад хотод ороод ирлээ. Та бүгдийн ажлыг хүндлэлгүй яахав” гэсээр угтав. Хөдөө орон нутгаар яваад тун саяхан ирсэн гэнэ. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан, тэгээд ч 70 нас хэвийсэн болохоор хол газар яваад ирэхээр ядрах нь аргагүй. Гэхдээ сэтгүүлч миний ажлыг бодоод амарч хэвтэхийг хүсээгүй аж. Бага залуугаасаа хэлсэн үгнээсээ буцаж сураагүй, бусдад хүндэтгэлтэй ханддаг сайхан чанараа насан туршдаа гээгээгүй байна.
Н.Чимэддорж 1950 онд Дорнговь аймгийн Улаанбадрах суманд бурханч лам Нацагийн гэр бүлд төржээ. Багшийн техникум төгссөн ч багаасаа гарын ур дүй сайтай байсан учир хүсэл сонирхолоороо ур дарханы ажил мэргэжлийг илүүд үзжээ. Монголд анх Гоёл чимэглэлийн үйлдвэр нээгдэхэд ууган ажилтны нэг болж, тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтэн багштай хамтран үйлдвэрийн анхны цутгуурыг хийж байж. Тэр цагаас хойш мэргэжлээрээ олон жил тасралтгүй ажиллаж, 40 гаруй шавьтай болсон байна. Шавь нар нь алдар хүндтэй сайн дархчууд болсонд сэтгэл өндөр явдаг аж.
Маш олон хосгүй бүтээл энэ хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон нь ярилцаж байх хугацаанд улам л тодорхой болов. Тухайлбал, 1973 онд БНАГУ-ын төрийн тэргүүнийг манай улсад айлчлахад Н.Чимэддоржид үхрийн том эврийг ур хийц гарган тоноглох үүрэг өгч байж. 1980-аад оны дундуур шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн тухай “Саруул талын ерөөл” уран сайхны киноны бүх хувцас чимэглэлийг урласан гэдэг. Мөн ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневийг айлчлан ирэхэд БНМАУ-ын “Хүндэт иргэн” тэмдэгийг загвар зохион бүтээгч Батхүүтэй хамтран урласан байна. Эрхэм зочинд ч тус тэмдэг таалагдсаныг сонсоод ихэд урам орсон байгаа юм.
Ер нь Н.Чимэддоржийн урласан бүтээлүүд захиалагчдын төдийгүй нийт олны талархалыг дандаа хүлээж ирсэн. Цөөн жишээ дурдахад АНУ-д амьдардаг Монгол санваартан нэг лан алтаар бурханы гуу хийлгээд Монгол дарханы ур ухааныг бишрээд буцжээ. Мөн Нархажид хийдийн захиалгаар хүний гавлын ясыг мөнгөлж аяга хийж өгсөн нь мөн л талархал хүлээсэн гэдэг.Түүнээс гадна мөнгөн войпер, мөнгөн хөөрөг болон найман нуруутай сүлжмэл мөнгөн хазаарыг Монголд анх хийсэн хүн бол Н.Чимэддорж.
Улсын чанартай олон үзэсгэлэн, уралдаанд оролцож зохион байгуулагчид болон иргэдээс өндөр үнэлгээ авч байсан талаар цөөн жишээ дурдахад:
2004 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Уран гартан”, 2006 онд нийслэлийн Захирагчийн алба, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Үндэсний бахархалт хувцас, гар урлал” үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож тусгай шагнал, 2018 онд Соёлын биет бус өвийн Ардын урлагийн их наадмын Гар урлалын төрөлд 2 дугаар байр, уг наамдын “Алдаршуулах медаль”, 2022 онд “Нүүдэлчин Монгол” их наадмын Гар урлалын төрөлд багаараа 1 дүгээр байр эзэлсэн байна. Төр засаг түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ.
Бид цаг гаруй ярилцлаа. Энэ хүний амьдралын түүх уйгагүй хөдөлмөрийн түүх юм даа гэж өөрийн эрхгүй бодогдов. Бас ажлыг хийсэн шиг хийдэг, хариуцаж авсан ажилдаа жинхэнэ сэтгэлээрээ ханддаг болохоор дандаа олны талархалыг хүлээж иржээ. Бага залуугаасаа залхуурч сураагүй учраас одоо хэр мэргэжлийнхээ ажлыг орхиогүй байна. Ханийн халамж, өмөг түшиг эрхэм дарханы ажлын амжилттай холбоотойг миний бие ярианы завсар анзаарсаныг энд дурдахгүй өнгөрч үл чадав.
Д.Лхагвадорж