Том шар нохой хөтөлсөн 18 орчим настай эрэгтэй хүүхэд байрны гадаа тамхи татсан шиг таахалзана. Цаанаас нь 3 хүрээгүй насны жаахан охин ээжийнхээ хамт гараад ирэв. Охин нохойноос айж байгаа нь илт. Нохой шүдээ ярзайлган уяандаа цовхчино. Зөрж өнгөрсөн 50-иад насны эмэгтэй “Чи нохойндоо хошуувч зүүлгээч” гэж хүүд хэлбэл өнөөх нь ядаж дуугүй байхын оронд “Чадахгүй” гэж ууртайгаар зандрав. Хэрвээ нохой нь хүүхэд ноцвол эзэн нь болох хүмүүжилгүй банди хүүхдийн эрх яриад зүгээр өнгөрөх үү? Тэжээвэр нохой хүүхдийн аминд хүрсэн тохиолдол хэд хэд гарсныг яагаад сануулахгүй байна вэ?! Энэ мэтчилэн хүүхдийн эсрэг балмад үзэгдэл болгонтой нийтээрээ хатуу тэмцье. Учраа мэдэхгүй жаахан үрсээ хүний үнэргүй новшнуудаас хамгаалахын тулд үг, үйлдлээ нэгтгэе. Орцноос гараад ямар эрсдэл байгааг анзаарч харцгаая.
Үнэндээ ямар ч төлөвлөлтгүй барилга байшин шавуулж, хүүхдэд ээлгүй орчин бүрдүүлсэн хүмүүсийн гай их байна. Гудамж талбай, явган хүний гарц, олон нийтийн газар, ер нь хаана л бол хаана хүүхдүүдэд бөөн эрсдэл нүүрлэжээ. Ниргэсэн хойно нь хашгираад байх зуур алаг үрс золионд нь хохирсоор байна!
Д.Лхагва