Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийв. Тэрээр “Монгол Улсын хүн ам 3.457.548 болж өмнөх оноос 1.4 хувиар өсөж, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 8.5 хувиар, төрсөн хүүхэд 8.1 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266.024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746.405 хүүхэд суралцаж байна. Бүтэн өнчин 2911, хагас өнчин хүүхэд 36.363, үрчлэгдсэн хүүхэд 1478 байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байгаа. Салбар бүр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шинэ хандлага, хамтын ажиллагаа бий болсон. Хүүхэд, гэр бүлийн салбарт мөрдөгдөх 50 гаруй дүрэм, журам, стандартыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмсэн. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээний бүтэц болгож, программын гуравдугаар шатны шинэчлэлийг хийж, утас, чат, мессежээр дуудлага, мэдээлэл хүлээн авч байна. 2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг тав дахин нэмэгдүүлж, 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Улсын хэмжээнд 737 хамтарсан багт 6008 гишүүн ажиллаж байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, 30 хорооны 514 гишүүн холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн салбарт хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг бэлтгэж, 36 албан хаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын магадлан итгэмжилж, 2018 оноос хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж эхэлсэн” гэлээ.