Хотын даргын томилгооны асуудалтай холбогдуулж Ардчилсан Нам хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “МАН өчигдөр 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл баримтлалаас хойш ухарсан маш ноцтой мэдээллийг хийлээ. Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий Сайд, эрх баригч МАН-аас нэр дэвшүүлэн томилж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн 59-ийн 1 дүгээр зүйлд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн заалт байдаг. Мөн Үндсэн хуулийн 60-ийн 2 дугаар хэсэгт шат шатны Засаг Даргыг тухайн шат шатны ИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий Сайд буюу дээд шатны засаг дарга баталгаажуулж, томилно гэдэг заалт байдаг. 62-ийн 2-т нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно гэдэг заалт бий. МАН-ын Удирдах зөвлөл эдгээр Үндсэн хуулийн заалтуудыг шууд зөрчсөн мэдэгдлийг хийлээ. Уг нь өнөөдөр Улаанбаатар хотын иргэд хотын даргаа өөрсдөө сонгодог болмоор байна гэдэг асуудлыг удаа дараа тавьсаар ирсэн. Гэтэл үүнээс бүр ухарч, иргэдийн төлөөлөл НИТХ-ээр ч биш Засгийн Газраас томилдог болж ухарч байна. Хэрвээ Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилно гэдэг асуудлыг цуцлахгүй, эргэж харахгүй бол, эргүүлэн татахгүй бол НИТХ тарах ёстой. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөсөн хэрнээ бүрэн эрхээсээ татгалзаад хотын дарга болох гэж байгаа нь иргэдийн саналыг уландаа гишгэж буй хэрэг учир нийслэлийн иргэн бүр эсэргүүцэх ёстой” гэгчлэн өгүүлэв.