Автобусны хулгай гэх сэдэв босоод ирлээ. Энэ талаар Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Улсын төсвөөр 810 автобус авлаа гэж ярьж байна. Бид өчигдөр “Тэнүүн-Огоо” гэдэг компанийн “Автобус 1” бааз дээр нь очиж үзлээ. Ногоон гэж нэрлэгдээд байгаа автобус. Ногоон автобус бол дизель хөдөлгүүртэй. Солонгосоос нийт 600 автобус. Нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгөөр авсан. Үүн дээр 150 ширхэг цахилгаан автобус оруулж ирсэн. Нэг нь 620 сая төгрөгийн үнэтэй. Манай Отгонбаяр автобуснуудын деталь зургуудыг авсан. Энэ зургууд бол бодитой. Хуучин уу, шинэ үү гэдэг дээр мэргэжлийн хүмүүс хариугаа өгөх ёстой. Элдэв худалдан авалтаа нууцлаад байгаа асуудлуудыг цааш нь ухах ёстой. Нууцлахгүй байж болох худалдан авалтуудыг яагаад нууцлаад байгаа юм бэ? Татварын хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авалт хийх тусгай хуультай шүү дээ. Энэ хуульд хамааруулахгүйгээр худалдан авалт хийгээд байгаа нь цаана нь том хулгай явж байгаа гэсэн үг. Бүх төрлийн нууцуудыг задлах ёстой. Үндэсний аюулгүй байдалд хамаарах зэвсэг, танк гэдгээс бусад худалдан авалт нууц байх ёсгүй. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллах ёстой. Сөрөг хүчний гол үүрэг энд оршиж байгаа шүү дээ. Нууцад оруулж байгаад худалдан авалт хийдэг ажил энэ удаа Засгийн газар нийслэлтэй хамтарсан гэж харж байгаа.
Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж байдаг. Үндэсний аюулгүй байдалд хамаатай, тусгай хэрэгцээний байгууламж, тоног төхөөрөмж зэргийг нууцад хамааруулж худалдан авалт хийж болно гэдэг заалт тендрийн тухай хуульд бий. Энэ заалтанд автобус яаж ч бодоод хамаарахгүй. Боломжгүй. Мөн тагнуулын байгууллагаас Засгийн газрын тогтоолоор нууцад хамаарах жагсаалт гаргадаг. Энэ зарчмаар явсан худалдан авалт гэхээр хуучин Зам тээврийн яам гэж байх үед Засгийн газрын тогтоолоор нууцад оруулсан өнөөх алдартай төмөр зам барьсан асуудал орсон байдаг. Ингэж оруулж ирж идэцгээдэг. Яг энэ аргыг хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл Х.Баттулгын хэрэглэсэн арга өнөөдөр Д.Сумъяабазар дээр илэрч гарч байна. Бид сонголтоо л зөв хийхгүй бол хулгай хийдэг арга нь хэвээрээ байна. Х.Баттулга нь л өөрчлөгдөнө үү гэхээс бусад нь өөрчлөгдөггүй юм байна” гэгчлэн өгүүлэв. Харин ХҮН-ын гишүүн, инженер н.Отгонбаяр “Aрлын дугаарыг харахад 1993 онд үйлдвэрлэсэн, гар аргаар угсарсан автобус оруулж иржээ” гэв.