Эдүгээ 75 настай Хувборын Сүрэнжав гуай бол Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны алдар хүндтэй ахмадуудын нэг. Биднийг гэрийнхээ үүдэнд тосч аваад халуун дотноор амар мэндийн үг солилоо. Бусдад ихэд хүндэтгэлтэй ханддаг хүн гэдэг нь энэ л хандлагаас нь шууд мэдрэгдсэн юм. “Таныг угийн бичиг бичсэн. Бичих бичихдээ шүлэглэсэн хэлбэрээр бичсэн гэж сонсоод сонирхол төрсөн шүү” гэвэл өвгөн “За би сонирхуулая гээд бурхан дээрээ залсан судар хэлбэртэй хоёр ном авчирлаа. Бидний яриа үүгээр эхлэв.
–Судар хэлбэртэй угийн бичгийн би хувьдаа хараагүй. Бас ургийн номыг шүлэглэж бичсэн хүн ховор. Та яагаад ийм агуулга, хэлбэрийг сонгосон бэ?
-Удам судраа судлаад үзэхээр би тайж гаралтай, өв залгамжлагч хүн юм билээ. Тийм учраас угийн бичиг маань арай өөр хэлбэртэй, хүндэтгэлтэй байх ёстой гэж бодсон. Тийм учраас харахад судар шиг хэлбэрийг сонгож хэвлүүлсэн юм. Аавын болон ээжийн тал гэж хоёр тусдаа бичсэн. Аавын талын ургийн ном маань “Ураг төрлийн бахарал”, “Алтан ургийн ерөөл” гэсэн хоёр үндсэн бүлгээс бүрдсэн. 120 жилийн хугацаанд аж төрж байсан, аж төрж байгаа 1000 гаруй хүний намтар түүхтэй танилцахад хамгийн их анхаарал татсан гурван бахархал байгаа нь тогтоогдсон. Тиймээс “Ураг төрлийн бахархал” хэмээх хэсгийн оршилд “Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээсэн хүн бүртгэгдээгүй нь тав шударга ноён нуруутай байгаа нь бидний бахархал. Гэр бүл салалт харьцангуй цөөн бүртгэгдэж бат бөх гэр бүлээ цогцлоож, үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж байгаа нь бидний бахархал. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, өвчин эмгэгтэй хүн төрөөгүй цэвэр ариун, ёс суртахуунтай, ариун журамтай байгаа нь бидний бахархал” хэмээн онцолсон юм. “Алтан ургийн ерөөл” бүлэгтээ манай ургийнхны аж төрж буй нутаг оны тухай болон ургийнхны хөдөлмөрийн амжилтын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. Ээжийн талын ургийн ном маань Чингэлтэй дүүргийн хэмжээнд ганц гэж боддог. Ижийнхээ нутгийн тахидаг овоонуудын түүхийг оруулахдаа шүлэглэж бичсэн. Зүлэгтийн овоо, Баянцагаан уулын магтаал гэх мэт. Тэр ууланд ургадаг бүх ургамал, ан амьтан, газар усны нэр зэргийг бүгдийг нь жагсааж байгаад бичихдээ хооронд нь холбож магтаал хэлбэрээр бичсэн. Гэхдээ дандаа шүлэглэж бичсэн. Уншихад яруу тансаг байх нь илүү сонирхолтой гэж бодоод би өөрөө ихэд хичээж шүлэглэн бичсэн юм.(биднийг ийн ярилцаж байхад 24 дүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга Л.Буянт гуай хажуугаас нь манай Сүрэнжав гуай бол яруу найрагч хүн шүү дээ. Өөрөө тэгж хэлүүлэх дургүй их даруухан хүн гэв)
-“Ураг удмаа хөөгөөд үзэхээр би тайж удамтай хүн юм билээ” гэж та сая ярилаа. Энэ талаараа тодруулж болох уу?
-Миний өвөө Жанчив тайж гэж байлаа. Хөрөнгөө гурван удаа хураалгаж байсан гэдэг. Тийм учир түүний хүү буюу миний аав Хувбор социализмын үед тайж эцгийнхээ талаар нэг их яриад байдаггүй байсан. Угсааг нь хөөгөөд үзэхээр өвөөгийн маань эцэг Аюурзаныг Батмөнх даян хааны угсааны хүн болж таарсан.
Эдүгээ 75 нас зооглоод буй Х.Сүрэнжав гуай ажил хөдөлмөрөөрөө хороондоо төдийгүй дүүрэг, нийслэлд үлгэр жишээ болох хүн гэж 24 дүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга Л.Буянт тодотгож байна. Нийгмийн идэвх сайтай, хорооноос зохион байгуулдаг бүх төрлийн үйл ажиллагаанд оролцдог. Хурал дээр үл ойлголцох маргаан гарлаа гэхэд тэр дор нь зөөлрүүлж, зөв уур амьсгал бүрдүүлж чаддаг, хүүхэд залууст үг сургааль хэлж явдаг нийтэч хүн аж. Ахмадын зөвлөлийн Бага хурлын гишүүнээр ажиллахдаа ихэд сэтгэл хангалуун байдаг. Хамгийн гол нь мод, хүнсний ногоо тариалах тал дээр манлайлж, мод тарих сургагч багшаар идэвхтэй ажиллаж иржээ. Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг уухайлан дэмжиж, өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж, хашаандаа олон төрлийн мод, хүнсний ногоо тариалжээ. Шадивлангийн зусланд байх хашааных нь хаалгаар ороход л “Ямар ажилсаг хүмүүс аж төрдөг орчин бэ” гэж дуу алдахаар…Өндөр өндөр ургасан мод, энд тэндгүй цэцэглэсэн жимс, хүнсний ногооны бут сөөг алаглана. Хүүхдийн тоглоомын талбай, усан бассейн хүртэл Х.Сүрэнжав гуайн гараар бүтжээ.
Х.Сүрэнжав гуай “Би эхнэртээ дандаа баярлаж явдаг. Намайг дандаа дэмжиж, хийж байгаа ажилд минь хамгийн их нэмэр болдог хүн бол миний хань. Бие нь тааруухан байлаа ч орондоо хэвтэхээс илүү мод зүлэг, ногоогоо арчлах зэргээр байнга биеийн хөдөлмөрлөж байдаг хүн. Өвчнийг хэвтэж бус, хөдөлж анагаана гэдэг үзэл бодолтой хүн. Ямар ч хүн тэтгэвэрт гараад зүгээр сууж болохгүй. Хийх ажил их байна” гэлээ. Түүний хань Чимэдийн Дулмаа олон мундаг шавь төрүүлсэн ахмад багш билээ.
Д.Лхагвадорж