АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп банкууд болон даатгалын компаниудад өөрийн хөрөнгийн талаар удаа дараа худал ташаа мэдээлэл өгч байсныг Нью-Йорк муж улсын шүүгч тогтоожээ.
Д.Трамп, түүний хоёр хүү болон “The Trump Organization” компанийг буруутгасан иргэний хэргийн нэхэмжлэлийг 2022 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн юм. “Энд байгаа баримт бичигт шүүгдэгчдийн /хэрэг хариуцагчдын/ бизнестээ ашигласан хөрөнгийн хуурамч үнэлгээг тодорхой тусгасан байна” гэж шүүгч дүгнэжээ.
Мужийн прокурор Летициа Жэймсийн хэлснээр, шүүгдэгчид 2011-2021 оны хооронд банкны зээл, даатгалын хэлцлийн нөхцөлийг сайжруулах, бага татвар төлөхийн тулд хуурамч бүртгэл, санхүүгийн тайлан гаргасан гэж мэдэгджээ.
Тэд хөрөнгийнхөө үнэлгээг 2.23 тэрбумаас 3.6 тэрбум доллар хүртэл өсгөж байжээ. Тухайлбал, Флорида дахь Мар-а-Лагогийн үл хөдлөх хөрөнгө, Манхэттэн дэх Трамп цамхагийн орон сууц, гольфын талбай, хэд хэдэн оффисын барилгын үнэлгээг хэт хөөргөдөн мэдүүлсэн аж.
Харин Д.Трампын өмгөөлөгчид мэдэгдэхдээ “энэ мэдээлэл ор үндэсгүй бөгөөд янз бүрийн нөхцөл шалтгаанаар үл хөдлөх хөрөнгийн үнэ цаг хугацааны явцад өөрчлөгддөг” гэжээ. Шүүх үүнийг үгүйсгэж, тухайн үеийн тодорхой хөрөнгийн үнийн талаар яригдаж байна гэдгийг дурджээ.
Трампын өмгөөлөгч шүүгчийн дээрх шийдвэрийг “шударга ёсыг завхруулж байна” гэж мягмар гаргын орой мэдэгдсэн байна.
Эл хэргийг 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн шүүх хэлэлцэж эхлэх бөгөөд 12 дугаар сард дуусах төлөвтэй байна гэж ВВС мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.