Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж байв.
Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдож очоод нэр бүхий хүмүүсийн ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэдний нэг бол тус компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг байлаа. Түүнтэй компанийн санхүүгийн үйл ажиллагаа, захирал асан Б.Ганхуягийн холбогдоод буй асуудлууд болон өөрийг нь ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.
– Нүүрсний хэрэг гэх асуудал нийгэмд яригдаж эхлэхтэй зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, өөр бусад улстөрчдийн нэр дуулдаж эхэлсэн. Тэр дунд таны ч нэр зарим хэвлэлээр гарч байлаа. Эндээс тодруулж ярилцвал ойлгомжтой байх болов уу. Та анх “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэзээ, яаж ажиллаж эхэлсэн юм бэ?
– Би “Эрдэнэс Тавантолгой” компанид 2012 оноос хойш нийт 10 жил нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд мерит зарчмаар тушаал дэвшин ажиллаж байсан. Би ямар нэгэн намын гишүүн биш. Хэн нэгэн улстөрчийн томилгоогоор очоогүй. Хууль журмынх нь дагуу, сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд ажиллаж эхэлсэн. 2012 онд нягтлан бодогчийн ажлын байранд 40 хүн өрсөлдөж, би нэгдүгээр байранд орж энэ компанийн босгыг алхаж байлаа.
Намайг ажиллаж байсан 10 жилийн хугацаанд есөн захирал солигдсон байдаг. Би ажиллах хугацаандаа бүхий л мэдлэг чадвараа дайчлан мэргэжлийн ёсзүйг баримтлан ажилласан. Гэтэл намайг Б.Ганхуяг захирлын бүлэглэлийн гишүүн, тэр тусмаа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан компанид намайг томилуулсан гэдэг мэдээлэл зарим хэвлэлээр гарсанд би гайхсан. Т.Аюурсайхан гэх хүнийг би oгт танихгүй.
– Тэгвэл таныг ямар үндэслэлээр ажлаас шууд халсан хэрэг вэ. БЭТ Ж.Ганбатыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хууль ёс сахиул. компанийн үйл ажиллагааг хэвийн болгох үүрэгтэйгээр томилсон гэж нийгмээрээ ойлгож байгаа?
-2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/томилсон шүү дээ. Үүнээс тав хоногийн дараа буюу аравдугаар сарын 31-нд надтай нийлээд таван хүнийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас шууд халсан. Би тухайн үед өмнө нь байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу төлбөр тооцоо хийх зөвшөөрөл авахаар БЭТ-д танилцуулсан юм. Гэтэл “Та нар компанийг санхүүгийн эрсдэлд оруулах гэж байна” гээд л шууд халсан. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ажлаас шууд хална гэдэг бол хууль бус үйлдэл. Нүүрсний хэрэг гэх нэрийн дор мэдлэг чадвартай олон залуус хэлмэгдэж, ажилгүй болсон. Миний санаж байгаагаар 20 гаруй залуус ямар ч үндэслэлгүй халагдсан байх.
Би нэг зүйлийг гайхаж байгаа. БЭТ гэдэг нэр томьёо нь өөрөө БНМАУ-ын үеийн хуулиар төрийн шийдвэрийг хэрэгжүүлдэг албан тушаалтан байсан гэдэг. Гэтэл өнөөдөр Монгол Улс хүний эрх, эрх чөлөө ардчилсан нийгмийг дээдэлсэн Үндсэн хууль батлаад 30 гаруй жил болж байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар ардчилал хүний эрхийг бүрэн утгаар нь дээдэлсэн парламент байгуулсан гэж саяхан ярина лээ.
Харамсалтай нь Засгийн газар нь Үндсэн хуулиас өмнөх 1991 оны БНМАУ-ын хуулиар үйл ажиллагаа явуулж, олон хүнийг хэлмэгдүүлж ажил амьдралгүй болгож байгааг харж байгаа болов уу. Бид уг нь БНМАУ-ын иргэд биш л юм сан. Тийм ч учраас бид хүний эрхийг зөрчсөн энэ асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаар зэхэж байгаа.
– Ер нь тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа ямар байсан юм бэ. Та бол ерөнхий нягтлан бодогчийн хувьд санхүүгийн үйл ажиллагаа зэрэг гол асуудлыг мэдэх хүмүүсийн нэг шүү дээ?
– Компанийн үйл ажиллагаа хэвийн байсан. Өмнө ч тэр, хэвийн явж ирсэн. Олборлолт, борлуулалтаа хийгээд ашигтай ажиллаж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК бол улс орны хэмжээний том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, санхүүжүүлдэг. Төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг олон мега төслийг нэрлэж болно.
Гэтэл нэг л өдөр компани дээр онцгой дэглэм тогтоочихсон. БЭТ нь ирээд “Эрдэнэс Тавантолгой” ХК болж бүтэхгүй бүх зүйлийн уурхай байсан байна. Оффтейк гэрээг нууцаар хийсэн байна, ингэж ч мөнгө хууль бусаар зарцуулсан, тэгж ч буруу ажилласан гээд л зарласан. Уг нь өөрөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д Сангийн яамнаас төлөөлж сууж байсан хүн. Тэр хүн энэ компани яаж хэрхэн ажиллаж байсан, ямар гэрээ яаж хийгдэж байгааг мэдэж, өөрөө шийдвэр гаргалцаж ирсэн. Энэ ажлыг мэдэхийн дээдээр мэдэж, төсөв төлөвлөгөө бүх зүйлийг хянаж батлалцаж байлаа. Гэтэл гэнэт тэнгэрээс бууж ирсэн юм шиг ийм зүйл яриад байгааг дотор нь ажиллаж байсан хүний хувьд гайхаж байна.
– БЭТ Ж.Ганбат нэг бус удаа мэдэгдэл хийж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулж байгаа гэж мэдэгдсэн. Засгийн газраас ажиллах хугацааг нь сунгачихсан. Эрх биш “Эрдэнэс Тавантолгой” ХК зүгширч байгаа болов уу гэсэн найдлага олон нийтэд бий болж эхэлсэн гэж харагддаг?
– Уучлаарай, та бүхэн ташаа ойлгож байна. БЭТ томилсноос хойш борлуулалтын орлого ингэж өслөө, ийм ч түүхэн ашигтай ажиллалаа гэх тархи угаасан мэдээллүүд хөвөрч байна. Харамсалтай нь тэр харьцуулсан судалгаа нь КОВИД-ын үеийн компанийн үйл ажиллагааны экспорттой жишээд байгаа юм. КОВИД-ын жилүүдэд хил гааль хаалттай ямар хүнд байсныг та бүхэн сайн мэдэх байх. Экспорт гацчихсан, бүхий л салбарт хүнд байсан үе. Тийм үеийн орлого, өнөөдрийн орлого хоёрыг харьцуулж болох уу. Харин ч КОВИД-ын үед “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ олон том төсөл хөтөлбөрүүдийг гацаахгүйгээр бүхий л хүч чадал, хөрөнгө мөнгөө дайчлан үргэлжлүүлж чадсан байдаг.
Уг нь бол онцгой дэглэм тогтоож БЭТ томилсны гол зорилго нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Монгол Улсад 500 сая ам доллар оруулж ирэх явдал байсан. Ард түмэн ч сонссон, харсан шүү дээ. Гэвч 500 сая ам.доллар нь орж ирсэн ч юм байхгүй. орлогоо биш ачилтын тоо, хэмжээ яриад л БЭТ сууж байна. Харин ч Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж 500 сая ам.доллар оруулж ирж чадаагүйн хариуцлага хүлээх ёстой байтал хэвлэл мэдээллээр өөрийгөө магтуулаад л сууж байгаад харамсаж байна.
– Б.Ганхуяг захиралтай та багагүй хугацаанд хамтран ажилласан байх. Өнөөдөр тэр хүн нүүрсний хэрэгт гол буруутнаар нэрлэгдэж, хоригдож байна. Хамт ажиллаж байсны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байх юм бэ?
– Б.Ганхуяг захирал маш зарчимтай, хатуу шаардлага тавьдаг хүн. Компанийнхан ч сайн мэднэ дээ. Өглөө 06:00 цаг гэхэд компани дээр ирчихсэн, ажлаа хэдийнээ эхэлчихсэн суудаг, орой хамгийн сүүлд явдаг байсан. Энэ компанийг хөл дээр нь босгоход өөрийн мэдлэг боловсрол, сэтгэл зүтгэлийг зориулсан хүн гэж л дүгнэдэг. Байгуулагдсан цагаасаа хойш хамгийн өндөр борлуулалтын орлого буюу нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан. Мөн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах зэргээр үр ашигтай ажиллаж байлаа. Улс орны хэмжээний том төсөл хөтөлбөрүүдийг зоригтой хөдөлгөж, түүгээр зогсохгүй компанийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд том үүрэг гүйцэтгэсэн хүн. Дээр дурдсан төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлууд Засгийн газрын шийдвэр болон компанийн ТУЗ- ийн шийдвэрээр хийгддэг байсан. Гүйцэтгэх захирал хэзээ ч толгой мэдэж шийдвэр гаргах боломжгүй.
– Хууль хяналтын байгууллага Б.Ганхуягийг маш ноцтой хэргүүдэд буруутгаж байгаагаа зарласан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига авсан гээд л. Олон нийт ч сэрдхийж хүлээж авсан. Сая шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Б.Ганхуягийг улсад 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж прокурор мэдэгдсэн. Эндээс та учир начрыг нь гаргаж тайлбарлах зүйл байна уу?
– Урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгийг үзсэн. Хувь хүнийх нь асуудлыг мэдэхгүй юм. Улсад 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа нь Чингис хаан банктай холбоотой асуудал байх шиг байсан. Энэ мөнгийг Б.Ганхуягийг хувьдаа аваад завшсан мэтээр олон нийт буруу ойлгоод байгаа санагдсан.
Юуны өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани бол бизнесийн байгууллага. Компанийн дүрмийн дагуу аль ч арилжааны банканд хэдэн ч данстай байх эрхтэй. Тийм ч учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх арилжааны банктай хамтарч ажилладаг байсан. Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банк, Чингис хаан гэх мэт. Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” маш их борлуулалтын орлого олдог том компани. Дансны үлдэгдэл гэхэд их наяд төгрөгөөр хэмжигддэг. Тэгэхээр бид тэр их мөнгийг ганц, хоёрхон банканд байршуулах нь санхүүгийн хувьд эрсдэлтэй. Тэр утгаараа бид бүх арилжааны банкуудтай хамтарч ажиллаж ирсэн. Үүний нэг нь Чингис хаан банк. Тус банктай хамтран ажиллах гэрээ 2017 онд Б.Ариунболд гүйцэтгэх захирлын үед хийгдсэн. Чингис хаан банк тухайн үед хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй банк байсан. Тиймээс тодорхой хэмжээний мөнгөө хадгалуулсан байдаг.
Хамгийн ноцтой нь нүүрсний хэрэг гэж 40 их наяд төгрөгийн хохирлыг улсад учруулсан байна гэж нэр бүхий хүмүүс болон УИХ-ын гишүүд олон нийтэд анх мэдээлсэн. Мэдээж үүнд ард түмэн итгэж үнэмшиж таарна. Гэтэл өнөөдөр тэр их 40 их наядын хохирол хаана байна, түүнд оролцсон гээд хуулийн байгууллагынхан зарлаад байсан улстөрчдөөс нэг нь ч алга байна шүү дээ.
-Чингис хаан банканд давуу байдал олгосон. Өнөөдөр тэр банк дампуурсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК мөнгөө авч чадахгүй болсон. Үүний хариуцлагыг л яриад байна уу?
– Давуу байдал гэж ярих нь зохимжгүй. Бид санхүүгийн эрсдэлээ тооцоод олон арилжааны банктай хамтарч ажилладаг. Харин ганц банктай хамтарч байсан бол тэр давуу байдал олгосон болох байх. Чингис хаан банкийг дампуурна гэдгийг хэн ч урьдчилж мэдэх боломжгүй.
Нэг хэсэг Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг дампуурах гэж байна гэсэн яриа гарахад Монголбанкнаас “Энэ хоёр банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэж мэдэгдэж байсан. Чингис хаан банк гүйлгээ хийхгүй саатаад эхлэхэд компанийн зүгээс Монголбанканд удаа дараа хандаж албан бичиг хүргүүлж байсныг санаж байна. Энэ асуудлаар гүйцэтгэх захирал Монголбанкны ерөнхийлөгчтэй хүртэл уулзаж нөхцөл байдлыг танилцуулж байсан.
Банкны үйл ажиллагаанд Монголбанк хяналт тавьдаг шүүдээ. Чингис хаан банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдсанд банкны эзэд болон удирдлага нь хариуцлага хүлээх ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр тэр субъектүүдээс хэн нь ч шүүх дээр байхгүй. Эсрэгээрээ банканд мөнгөө байршуулсан харилцагч байгууллага хариуцлага хүлээх асуудал яригдаж байна. Хэрэв тийм бол Чингис хаан банканд мөнгө байршуулсан төрийн байгууллагын удирдлагууд адилхан хариуцлага хүлээх ёстой.
– Хууль бусаар халагдсан хүмүүс шүүхэд хандсан гэв үү?
– Тийм ээ. БЭТ Ганбат томилогдож ирэнгүүтээ гэм буруугүй хүмүүсийг ажлаас халж, оронд нь өөрийн хүрээний танил тал хүмүүсээ ямар ч сонгон шалгаруулалтгүй томилж эхэлсэн. Халагдсан хүмүүс бүгд шүүхэд хандсан. Би ч хандсан. Шүүх хурал дээр БЭТ Ж.Ганбат ямар ч үндэслэлгүй баримтууд гаргаж өөрсдийнхөө хууль бус үйлдлийг илчилж байгаа. Үнэндээ нүүрсний хэрэг гэгчийн дор Б.Ганхуягийн гар хөл гэж халсан хүн бүрийг харлуулах ажиллагаа ингэж л явагдаж байна. Яг л 1939 оны хэлмэгдүүлэлт шиг. Түүгээр зогсохгүй хууль бусаар халсан шалтгаанаа зөвтгөх гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эрх мэдлээ ашиглан миний эсрэг баримт гаргуулж шүүхэд хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, татварын шалгалтаар акт тавиулж ажилдаа хариуцлагагүй хандсан гэж анх халсан шалтгаанаасаа тэс өөр шалтгаан гаргаж ирсэн. БЭТ Ж.Ганбат нь Татварын маргаан таслах зөвлөлийн дарга, ерөнхий нягтлан бодогч Цогзолмаа нь тус зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан. 2020 онд ЭТТ ХК-д татварын хяналт шалгалт орж 62 тэрбум төгрөгийн татварын акт тавигдсан байдаг. Бид тус актыг хүлээн зөвшөөрөлгүй Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Зөвлөл гомдлыг хэлэлцээд 62 тэрбумын актыг 30 тэрбум төгрөг болгож бууруулсан боловч дөрвөн тэрбумын актыг нэмсэн. Компани уг шийдвэрийг зөвшөөрөлгүй Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүхээс Татварын маргаан таслах зөвлөлийн нэмсэн дөрвөн тэрбум төгрөгийн актыг үндэслэлгүй гэж үзэж хассан.
Ингээд компани дахин Дээд шүүхэд гомдол гаргаж шүүхээс үлдсэн 30 тэрбум төгрөгийн актын 13 тэрбумыг үндэслэлгүй гэж үзэн хасаж шийдвэрлэсэн. Тэгэхээр 62 тэрбумын татварын акт хасагдсаар 17 тэрбум төгрөг болсон гэсэн үг. Энэ нь татварын хууль тогтоомж, журам нь тодорхой бус, мөн хяналт шалгалт хийсэн татварын байцаагчдын ур чадвар муу, гомдлыг хянасан Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр буруу байсныг харуулсан хэрэг болсон л доо. Гэтэл аль эрт үеийн маргааны асуудлын баримтыг шүүхэд миний эсрэг гаргаж байх жишээтэй.
Бас нэг зүйл нь би 2022 оны аравдугаар сард ажлаас халагдсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тухайн жилийн санхүүгийн тайланг өссөн дүнгээр дараа жилийн хоёрдугаар сарын 10-ны дотор гаргах ёстой байдаг. Тиймээс компанийн 2022 оны санхүүгийн тайланг Ж.Ганбат болон шинээр томилогдсон ерөнхий нягтлан бодогч н.Цогзолмаа нар гаргаж, баталгаажуулсан. Санхүүгийн тайланд нь Үндэсний аудитын газраас санхүүгийн аудит хийж 2023 оны дөрөвдүгээр сард сөрөг дүгнэлт өгсөн байдаг. “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа сөрөг дүгнэлт авсан нь энэ. Би ерөнхий нягтлан бодогчоор дөрвөн жил ажиллах хугацаандаа гурван жилд нь аудитаар зөрчилгүй дүгнэлт авч байсан.
– Өмнөх жилийн аудитын дүгнэлтүүд зөрчилгүй гарсан гэлээ. Тэгвэл яагаад 2022 оных сөрөг болчихсон юм бол. Компани муу ажилласан хэрэг үү?
– Би тайлант жил дуусахаас өмнө ажлаас халагдсан, санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт хэзээ хойно гарсан байгааг он цагаар нь та ойлгож байгаа байх. 2022 оны санхүүгийн тайланг яаж гаргасныг нь би мэдэхгүй юм.
Өөрсдийнх нь гаргасан санхүүгийн тайлан дээр тавигдсан аудитын сөрөг дүгнэлтээр намайг ажлаас халснаас хойш найман сарын дараа шүүх дээр “Аудитын зөрчил илэрсэн учраас Д.Алтанцэцэгийг ажлаас нь халсан” гэж тайлбарлаж байгаа нь өрөвдөлтэй. “Онцгой дэглэм” гэх нэрийн дор БЭТ Ж.Ганбат Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж дураараа аашилж байгаад маш их гомдолтой байна.
Эх сурвалж: Өдрийн сонин