Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан албан тушаалтуудын анхааралд!
2012 онд Дархан хотын 9 давхар угсармал орон сууцанд Дашваанжил компанийн газ дэлбэрсэн онц ноцтой осол болж билээ. Тавхан литр газ дэлбэрэхэд тэр орон сууц золтой л нурчихаагүй. Энэ аюулт ослоос сургамж авч газны худалдан борлуулалт, хэрэглээн дээр хяналт тавьж байгаа газар байна уу?
Гурван давхраас дээш орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог. Гэтэл 12-16 давхар орон сууцны айлууд 30-50 литийн баллонтой газ хэрэглээд байгааг яагаад үл ойшооно вэ? Оросын Магнитогорсk хотод нэгэн орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрэхэд тэр байшинд нуралт үүсч олон хүн амиа алдаж, 40 хүн сураггүй болсон эмгэнэлт түүх манайд гарах ёстой юу? Улаанбаатарт газ дэлбэрсэн осол удаа дараа гарч байхад яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?!
Энэ оны 9 дүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, Тарвалин хотхоны 48.Б байранд 62 орчим насны хоёр эмэгтэй 30 литр баллон тэврээд орж байхыг харлаа. “Хоосон юм аа” гэж шаардлага тавьсан хүний өөдөөс хэнэг ч үгүй тайлбар тавьж байх юм. Хоосон баллон хадгалахыг ч хориглодог. Яагаад гэвэл хийгээр дүүрч дэлбэрэх аюултайг тэр хүмүүс огт тоохгүй байна. 8 сартай балчираас 80 настай буурал хүртэл амьдардаг нийтийн орон сууцны дүрэм журмын талаар тэдэнд ямар ч ойлголт алга. Настай хүмүүс илүү хариуцлагатай, ухамсартай байж залуустаа үлгэрлэх ёстой биз дээ!!!
Засгийн газар, яамдын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй хяналт шалгалт хийж, хариуцлага тооцох цаг болжээ!!! Эс бөгөөд мөн л ниргэсэн хойно нь хашгирах уу?!!!
Д.Лхагва