Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд Монгол Улсын гавьяат малчин, Дэлхийн II дайны түүхэн гэрч, ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид гуайн 101 насны ойд зориулсан мялаалга наадам зохион байгуулж, хүндэтгэл илэрхийлэв.
“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид 18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран Улсын сайн малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, “Улсын сайн малчин” хэмээх эрхэм алдрын эзэн болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан төдийгүй тэндээсээ Дэлхийн хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм.
Түүний 101 насны мялаалга, наадамд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, түүний туслах дэд хурандаа В.С.Буховец нар урилгаар оролцож, Элчин сайд ноён А.Н.Евсиковын мэндчилгээг сонордуулан, ахмад дайчин С.Цэгмидэд хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар ахмад настан С.Цэгмидэд мэндчилгээ илгээснийг аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан танилцуулж, Засаг даргын дурсамж, дурсгалын зүйл, гарын бэлгийг гардуулсан аж.
С.Цэгмид 1942 оны 12 дугаар сард 20 хүрээгүй насандаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байжээ.
Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгсөн байна.
С.Цэгмидийн түүхэн гавьяаг үнэлж, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль, ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”, Монгол Улсын гавьяат малчин, “Дайнд оролцсон ахмад дайчин” цол, “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнажээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.