Төв аймгийн Мөнгөнморьт сумын Цагаан аралын судалгаа, мэдээллийн төвд БОАЖЯ-ны харьяа Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ хамтран Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны албан хаагчид, Орчны бүсийн зөвлөлийн гишүүд, байгаль хамгаалагчдад 2023 оны есдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлгийг нээж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад, ЦУНБХТ-ийн захирал Т.Бүдээхүү нар үг хэлсэн. Энэхүү хамтарсан сургалт, хэлэлцүүлэг нь байгаль орчны салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, туршлага, мэдээллээ солилцож,ялангуяа олон нийт, хүүхэд, залууст байгаль хамгааллын нөлөөллийн ажлыг үр дүнтэй явуулахад чухал хувь нэмэр оруулж байгааг тэд онцоллоо.
Сургалт Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид болон Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 8 сумын Орчны бүсийн зөвлөлийн гишүүд “Хан Хэнтийн дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөө” сэдвээр хэлэлцүүлэг хийсэн бол “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн мэргэжилтнүүд “Байгаль орчны мэдээлэл, сургалт, сурталчилгааны кампанит ажил зохион байгуулах 10 алхам” сургалтыг оролцооны аргад тулгуурлан явууллаа. Сургалтыг арга зүйч Д.Цогтбаатар, мэргэжилтэн Б.Баттүшиг нар чиглүүлж явуулсан. Тэд байгаль орчны мэдээлэл, сургалт, сурталчилгааг театрчилсан аргаар хүргэх арга зүйг бодитоор зааж, ЦУНБХТ-ийн хамт олны бэлтгэсэн жүжигчилсэн тоглолтыг үзүүлсэн нь оролцогчдын анхаарлыг татаж байлаа.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хэрлэнгийн дээд Цагаан арал дээр Бурхан Халдун хайрханы мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газын захиргаанаас байгуулж, үзмэр, танилцуулгыг байрлуулжээ. Түүнчлэн Бурхан Халдун хайрханыг алсаас харах “Дээдийн дээд хүндлэл” цогцолборыг байгуулж, Их хааны онгон шүтээнд хүндэтгэл үзүүлэх отоглох цэгийг бий болгож, гэрэлт хөшөө зэрэг дурсгал хүндэтгэлийн цогцолбор байгуулжээ. Ингэснээр аялагчид, жуулчдыг нэг цэгээс Бурхан Халдун хайрхан, их хааны шүтээнийг харж, хүндэтгэл үзүүлэх боломжтой болгосон байна.
Бурхан Халдуны мэдээлэл, сургалт ,сурталчилгааны төв болон “Дээдийн дээд хүндлэл” цогцолборт Орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олноор ирж, орон нутгийн түүх дурсгалт газруудтай танилцаж, “Цагаан арал” өртөөчилсөн сургалт, дадлага хийдэг болжээ. Бүрхийн дөрвөлжин, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Тэрэлжийн дөрвөлжин зэрэг орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад ч зочилж, эх байгаль дэлхий, түүх соёлын өвөө хайрлан хамгаалах мэдлэг, дадалтай болдог нь өртөөчилсөн сургалтын онцлог аж.
Их эзэн Чингис хааны түүхт өлгий нутаг, монголчуудын бахархалт түүх, соёлын өв болсон Бурхан халдун хайрханыг 1818 оноос тайж тахиж ирсэн бөгөөд 1992 онд 12 мянган км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан түүхтэй. Улмаар 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож, 2015 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан билээ.
Г.Баатар