Зах зээл, либераль эдийн засаг гэдэг маань хуулийн хүрээнд жижиг, том аж ахуй эрхэлж, бизнес чөлөөтэй эрхлэхийн нэр. Өөрөөр хэлбэл, хэн толгой, гар хоёроо ажиллуулж чадна түүнд хуулиар олгогдсон хувийн хөдөлмөр эрхлэх эрх чөлөө өнөөдөр хангалттай бий. Гэтэл наймаачдын хувьд ихэвчлэн урдаас, үсрээд Солонгосоос чирж ирсэн чанартай чанартгүй, баталгаатай, баталгаагүй нь мэдэгдэхгүй барааныхаа үнийг дуртай үедээ 24 жилийн турш хөөрөгдөж ирлээ. Үндэсний үйлдвэрлэгч хэмээн зарим цээжээ дэлдэгчдэд энэ үг бас хамаатай.
Баяр ёслол болон сургууль соёл орох дөхөөд ирэхээр, элдэв төрлийн “сезон” нэр зүүлгэж (тухайлбал, цагаан сар, найр наадмын улирал буюу намар) үгссэн юм шиг үнээ хөдөлгөдөг муухай бичигдээгүй хууль үйлчилдэг болоод удлаа. Бас шатахуун болоод цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх төдийд баахан зовлон шалтаг тоочиж байгаад бүтээгдэхүүний үнийг бүр 30 хувь хүртэл өсгөж давардаг болжээ. Ёстой цагаандаа гарч, шуналын тулам болно гэж үүнийг л хэлдэг байх. Уг нь бензиний үнэ литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдэхэд энэ нь хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал талхны үнэд тэгтлээ нөлөөлөхөөр хүчин зүйл биш гэж эдийн засагчид тооцоо судалгаатай тайлбарладаг хэдий ч тэдний үгийг хувийнхан буюу наймаачид анхаарч сонсоно гэж гонжийнжоо.
Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд нөлөөлдөг гол “буруутны” нэг нь цалин, тэтгэврийн нэмэгдэл. Уг нь төр засаг ард түмнийхээ худалдан авах чадварыг сайжруулах зорилгоор л авдаг хэдийг нь нэмдэг байх, чааваас. Гэтэл хатуухан хэлэхэд эх оронч сэтгэлгүй шударга бус худалдаачид тэгэхээс тэгэх юм шиг өнөөх нэмэгдлийн утга, учрыг алдагдуулсаар ирлээ. Өөрөөр хэлбэл цалин, тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцээд хэрэгцээт барааны үнэ заавал өснө.
Энэ эмзэг асуудал үнэ өртөгийг хөөрөгдөгчдөд ямар ч “падлийгүй” зүйл. Тэдэнд ахиухан халтар төгрөг олж л байвал монголчуудын амьжиргаа унана уу, сэхнэ үү огт хамаагүй. Цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хэрээр хэрэгцээт бүхий л барааны үнэ өсдөг бөгөөд сөрөг үр дагавар нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны уналт. Энэ үзэгдэл иргэдийг туйлдуулахаар үл барам улс орны эдийн засгийг сэхээхгүй боомилсоор ирлээ.
Талх 100 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд гол аюул нь ганц муу 100 төгрөгтөө ч биш үндэсний мөнгөн тэмдэгт маань улам бүр цаасан утга руугаа ойртож байгаад л байгаа юм.
Төр засаг гэж байгаа л юм бол, татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг институциуд амьд л байгаа бол ямар нэгэн арга хэмжээ авч үнэ өртөгийг үндэслэлтэй, үндэслэлгүй нэмэгдүүлж хөөрхий ард түмнийг сөхрөөдөг хатуу сэтгэлтэй хүмүүстэй хариуцлага тооцох механизмыг бий болгох хэрэгтэй болжээ. Тийм хөшүүрэг, тийм гарц эрх биш байгаа байлгүй дээ. Монголчууд 26 жилийн турш үнийн зогсоо зайгүй өсөлтөд дарлуулж, ниргүүлж ирлээ. Юманд хязгаар гэж бий. Одоо хангалттай. Зогсооё.
Д. Лхагвадорж