Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогт албан тушаал эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авч Оюун толгойн гэрээг Монголд ашиггүй хэлбэрээр байгуулсан гэх зэрэг хэрэгт буруутгагдаж шүүхээс 10 жилийн ял авч билээ. Шүүхийн тогтоолд “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оноолоо” хэмээн дурдсан байдаг. Гэхдээ С.Баярцогт тодорхой хугацааны дараа суллагдсан юм. Тэрбээр 2022 оны 11 дүгээр сарын 1-нд Швейцарийн прокурорын байгууллагаас өөрийнх нь хэргийг цагаатгасан талаар мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, түүнийхээр бол хилс хэргээр ял авсан гэсэн үг. Энэ мөчөөс эхлэн С.Баярцогт улстөрд дахин эргэн ирж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа зарласан. Улмаар 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны намын даргыг сонгох хуралдаанд нэрээ дэвшүүлсэн. Тэрхүү санал хураалтад Лу.Гантөмөр дийлэнх олонхийн санал авсан ч С.Баярцогт улстөрийн орон зай, цар хүрээ, субьектив дэмжлэг байгаа гэдгээ харуулж өнөөдөр АН-ын тэргүүн дэд дарга болоод байна. АН-ын хамгийн нөлөө бүхий эрх мэдэлтэн болсон гэсэн үг.
Гэхдээ түүнийг эсэргүүцэх “аян” АН дотор өрнөөд байна. АН-ын удирдлагаас холдуулах, болж өгвөл Монголын улстөрөөс ангижруулах хэн нэгний явуулга хэдэн хүний эсэргүүцлээр илэрч байна гэсэн үг. Өчигдөр л гэхэд АН-ын төв байрны үүдэн дээр тус намын гишүүн гэх нэгэн эмэгтэй “Мөнх-Эрдэнийг өмөөрөөгүй АН Баярцогтын өмнө бөхийв. Улсаа зарсан Баярцогт зайл” гэсэн “лоозон” бариад хашгирч байгаа харагдсан. Сонгууль дөхөөд байдаг. АН хэрүүл зодоонтойгоо сонгуульдах уу? Олон эрх ашгийн мөргөлдөөнөө яаж шийдэх юм бол?
Д.Лхагвадорж