Он цаг улирах тусам улс орон хөгжиж, тэр хэрээр иргэдийнх нь ухамсар, соёл дээшилж байх учиртай. Учиртай ч гэж угаасаа нийгмийн зүй тогтол уг нь тийм. Гэтэл манай нийгмийн дүр төрх зэгэл саарал өнгөтэй болжээ. Өглөөд л нэг архичин, эсвэл гуйлга гуйсан хүнээр гудамж талбай нэмэгддэг боллоо. 1990-ээд онд эр, эм, хөгшин, залуу, хөдөө хотын гэлтгүй хөл толгойгүй архиддаг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр тэр л дүр төрхийг өдөр бүр харж байна. 33 жил өнгөрчихөөд байхад шүү дээ. Архичин хэмээх анги давхарга цус сэлбэж, залуу үеэрээ эгнээгээ тэлжээ.
08.00 цаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын Жуковын талбай. Зүүн талын сүүдрэвчинд хэдэн хүн сууна. Дундаа нэг шил архи тавьчихаж. Өмссөн зүүсэн, өнгө төрхийг нь харвал архинаас хамааралтай хүмүүс болох нь андашгүй. Тэднээс ердөө 20 хүрэхгүй алхамын зайд нялх хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй сууж байгаад тэсэлгүй босч явлаа.
Түүнтэй хэдэн үг солив. “Гэр ойр болохоор хүүхдээ салхилуулах гэж Жуковын талбай дээр ирдэг. Харамсалтай нь архичид цуглараад их хэцүү. Хавар яасан гээч. Хэдэн хүн архидаж байгаад нэг нь шууд босоод л бидэн рүү харж байгаад шээчихсэн. Хүүхэдтэй хүмүүсийг тоож байгаа ч юм байхгүй. ТҮК-ийнхэн цэвэрлэдэг тулдаа л бид энд гарч ирдэг. Тэгээд ч ойр хавьд хүүхдээ салхинд гаргах олигтой газар ховор” гэж хөмсгөө зангидан өгүүлэв. “Нялх хүүхэдтэй эх хүмүүсийг өчүүхэн ч хүндлэлгүй өөдөөс нь хараад шээж байгаа тэр тэнэгүүдийг яах ёстой вэ” гэсэн бодол хормын төдийд төрж хий дэмий л бухимдаад Жуковын музейн чанх хойно шинээр сүндэрлэсэн “Ромео Жуллетта” хотхоны зүг алхлаа. Хотхоны урдхан талд автозамаас хэдхэн алхамын зайтай байрлуулсан хог хийх зориулалттай төмөр пункрийн дэргэд 30 орчим насны залуу суучихаж. Авч яваа томоос том шуудайг нь харвал юу хийж, яаж амь зуудаг нь илт. Төд удалгүй нэг нь пункрт үсэрч орох мөртөө хэдэн ундаа, пивоны лааз гаргаж шидлэв. Хоёр “сайн эр” 10 минут хүрэхгүй хугацаанд тэр орчинд хог бутрааж орхиод явлаа. Ийм үзэгдэл өвөл, зунгүй, өглөө, үзэшгүй давтагддаг нь бололтой. “Манай байрны урд талын машины болоод явган хүний замыг ТҮК-ийн ажилтнууд цэвэрлэдэг. Маргааш нь ч цэвэрлэх шаардлага гардаг. Зарим хүмүүс барьж явсан цаас ч юм уу лаазаа гудамжинд хаядаг л байх. Гэхдээ архичид илүү их хог тарьж, хаа тааралдсан газраа бие засч явах юм” гэж өөрийгээ Гэрлээ гэж танилцуулсан тус хотхоны оршин суугч сэтгэл дундуур өнгөөр ярив. Хөлбөмбөгийн талбайн баруун талын 110 дугаар байранд дөхөж очвол 60 орчим насны намхан биетэй, хөл ялимгүй муутай эмэгтэй орцны зүүн талд овоорсон хогийг шүүрдэж байлаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат гэнэ. Хүүхдүүдээ дагаж 6 жилийн өмнө нутгаасаа гарснаас хойш зүгээр сууж чадалгүй орцны жижүүрийн ажилд оржээ. “Би залуудаа өндөр цалинтай ажил хийж явсан хүн. Хотод орж ирээд хэдэн хүүхдүүддээ дараа болохгүй гэсэндээ ийм ажилд орсон доо. Цалин бага. Гэхдээ зарим хүмүүсийн маш ухамсар муутай үйлдэл нь авдаг хэдээс маань ч дор байх юм. Тэр л хэцүү дээ” гэж яриад түр амсхийв. Түүний ярьснаар бол Сансар буюу 12 дугаар хороолол шөнө орой хөл хөдөлгөөн ихтэй учир орцноос ч гарахаас айдаг гэнэ. Харамсалтай нь өглөө нь босоод харахад өмнөх өдөр нь хэрэндээ л хичээж цэвэрлэсэн орчинд нь эргээд хог хөглөрчихдөг ажээ. Ихэнх нь ажилгүй архичин хүмүүсийн “уран бүтээл”. Цагдаа нарын хувьд зохих арга хэмжээ авдаг ч байдал нэг л дээрдэхгүй байна.
Д.Лхагва