Спорт бол эрүүл мэнд. Спорт бол гоо сайхан. Спорт бол хүмүүжил. Энэ үүднээсээ олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээний ач тусыг зүйрлэшгүй билээ. Ялангуяа хүүхэд, залуус спортод дур сонирхолтой болсноор цаг заваа зугаа цэнгэл, архи тамхи, цахим орчинд зарцуулах нь эрс багасч, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй хүн болж төлөвших нь ойлгомжтой. Наад зах нь PC тоглоомын газар өдөр, шөнөгүй “амьдарч’, бие бялдар оюун санаагаа хордуулж суудаг хүүхэд, залуусын хувьд өөрийгөө өөрчлөх, өөрийгөө нээх өргөн боломжийг биеийн тамир, спорт олгоно.
Өнөөдөр 10-21 насны хүүхэд, багачууд дэлгэцийн донтолтод өртсөнийг судалгаагаар тогтоосон бөгөөд 2016 онд 88 хүүхэд тоглоомонд донтон эмчлүүлсэн бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 50 гаруй хүүхэд эмчилгээ хийлгэжээ. Өөрөөр хэлбэл, PC тоглоомын аюул өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна гэсэн үг. Түүнчлэн дунд сургуулийн сурагчид, идэр насныхан сошиал орчинд үндсэндээ “живээд’ байгааг хүлээн зөвшөөрч шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсныг эцэг, эхчүүд, багш нарт болон холбогдох төрийн байгууллагуудад сануулая. Хамаг цаг заваа фэйсбүүк ухахад, PC-гээр хүн алахад зориулж байгаа хүүхдүүд хэзээ ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, урлаг, спортоор хичээллэж, хэдийд нь ээж, аавдаа туслах юм бэ? Тэдний амьдралаас аваад байгаа тэр цахим ертөнцийн аюулыг яаж холдуулах вэ? Монголын ирээдүй болсон өсвөр үе эрдэм мэдлэгтэйгээс гадна хамгийн гол нь эрүүл, өөдрөг тэмүүлэлтэй, өндөр ухамсартай байх ёстой.
Д.Лхагва