Автобусанд хянагч эмэгтэй жолоочийн кабины дэргэд зогсоно. Уг нь зорчигчдод шаардлага тавьж, картыг нь даруулах үүрэгтэй хүн шүү дээ. Гэтэл хүмүүсийн нүдэн дээр хоёр гурван хүнээс бэлэн мөнгө аваад жолоочид дамжуулах юм. Дараа нь тэр хянагч эмэгтэйг троллейбус бариад явж байгааг харлаа. Мөн л бэлэн мөнгө авна. Бүр цайчихсан хариулт мөнгийг нь өгч байх юм.
Нэг үеэ бодвол автобусны жолоочоор ажиллах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн гэдэг. Доод тал нь 1500.000 цалин авна. Дээр нь зорчигчдоос байнга бэлэн мөнгө авч амташсан учраас тэр л дээ. Өдөрт 100.000 төгрөг халааслаад буух тохиолдол их байдаг гэнэ. Хүмүүсээс мөнгө авахын тулд картаа дар гэж шаарддаг автобусны жолооч өдрийн од л гэсэн үг. Ялангуяа хөдөө орон нутгийнхан хотод орж ирээд автобусны жолооч нарын гол санхүүжүүлэгч болжээ. Уг нь картаа дарахгүй бол хөөгөөд буулгах эрх жолоочид байдаг боловч бэлэн мөнгөнд л үхэн хатан дурлана. Ийм байхад нийтийн тээвэр хэзээ ч хөгжихгүй! Хэрвээ автобусны жолооч нар бэлэн мөнгө авдаггүй байсан бол иргэд карт авахаас өөр аргагүйд хүрнэ шүү дээ. Автобусны жолооч нар нийтийн тээврийн хөгжлийн хамгийн том тээг, чөдөр болжээ.
Б.Бат