15 дугаар хорооллын байрын тоглоомын талбай. 13-14 насны орчим өндөр охин 7 настай болов уу гэмээр хоёр жаахан охин дээр очоод “Та нар эндээс зайл. Өөр байрныхан энд ирж болохгүй” гэж зандран хөөлөө. Нөгөө хоёр нь учраа олж ядан хэсэг бүлтгэснээ уйлсаар холдов.
Одооны хүмүүсийн мөс чанар муудсан нь хүүхдүүдээр нь илэрч байгаа нь энэ. Монгол хүн уг нь айл саахалтынхаа орж гарч, аливаа ажил төрөлд нь тусалж ирсэн ховор сайхан зан заншил, уламжлалтай ард түмэн. Гэтэл 1990 оноос хойш тэр сайхан чанар хотод гэлтгүй хөдөөд ч бүдгэрч, бараг устаж эхэлсэн байна.
Зөвхөн хар амиа бодсон, бусдад туслах өчүүхэн ч сэтгэлгүй, өрөвдөх, энэрэх мэдрэмгүй хүмүүс өсөн бойжиж байгаа нь харамсалтай. Эмэгтэй хүн болгон ээж болдог. Ямар ээж болох нь багаасаа харагдаад байна даа!
Д.Дорж