Монгол Улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг бөгөөд энэ удаагийн “Улаанбаатар 2023″ Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Хаалтын ажиллагааг Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн долоон орны тугийг мандуулснаар эхлүүлсэн юм. Энэ удаагийн спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүллээ. Харин Монгол Улсын баг гурван алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, долоон үндэсний олимпын хорооноос багийн дүнгээрээ тавдугаар байрт жагссан амжилт үзүүлэв. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1200 гаруй сайн дурын ажилтан, 130 орчим олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтан ажилласан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС