Сошиал ертөнц буюу ФБ гээч юм хүн төрөлхтний ахуйд хүч түрэн орж ирснээс хойш монголчууд чухам л хүнээ байж байна даа. Уг нь цахим технологи гэдэг нь мэдээлэл солилцох, сайн сайхныг түгээх суваг юм шүү дээ. Харамсалтай нь ерөнхий дүр зургаараа бусдыг үгүйсгэх, харлуулах, гүтгэх, өөлж муулчлах, хийсэн бүтээснийг нь баллуурдах, зохион байгуулалттайгаар дэвслэх, мууг нь үздэг бохир намаг болж хувирсан байна. Ёс бус үг хэллэг ч газар авлаа. Монголын ирээдүй болсон хүүхэд залуус ийм орчинд ямар хүмүүжил авч, хэн болох вэ?! Монголчууд хүний мууд дурлахаас хамгийн их цээрлэж ирсэн түүхтэй. Одоо тэрхүү сайхан чанар ФБ гэгчийг дагаад устах төлөвтэй. Нэг нэгнээ дэмжих тухай ойлголт цахим ертөнцийн сүүдэрт дарагдаж эхэллээ. Ёс бус үг хэллэг ч газар авлаа. Нэг ёсондоо хүн чанар маш хурдан алга болж байна. Ийм эгзэгтэй үед ахмад хүмүүсийн үүрэг, оролцоо маш их шүү. Үгийн дээдийг хэлж, үйлдлийн сайныг хийж, бодлын сайхныг тунгааж явах учиртай хүмүүс бол ахмадууд. Уг нь жам ёсоороо хүүхэд, залууст ахмадууд маань л сайн үлгэр жишээ үзүүлэх учиртай. 8 настай балчраас 80 настай буурал хүртэл шунан дурлах болсон ФБ-ийн сүүдрийг ахмад настнууд л олж харж, залруулах цаг болжээ. Настай хүмүүс ойворгон залуус шиг ФБ-ийн хараал ерөөлийн ертөнцөд хамт уусаж болохгүй. Монголын оюун санаа цэлмэг байг.
Д.Лхагвадорж