Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид татан гаргах ажиллагаанд оролцож байна. Татан гаргах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг монгол эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээсэн бөгөөд эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу зургаан техник хэрэгслийг татан гаргаад байна.
Өмнө нь 1985 онд живсэн, 309 тн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг 16 метрийн гүнээс 2021 онд татан гаргасан юм.