Гэрийнхээ ойролцоох хүнсний захаас төмс авлаа. Хар шороон хальстай харахад яалт ч үгүй “Монгол төмс”. Харамсалтай нь өнгө нь цав цагаан мөртөө их удаан чанагдаж байж нэг юм зөөлрөв. Гэхдээ амт гэж алга. Уг нь Монголын хөрсөнд ургасан төмс маш амархан болдог доо. “Урдаас төмс хүнсний ногоо ихээр орж ирсээр байгаа юм байна даа” гэх бодол төрөв. Сүүлийн 30 жилд баталгаагүй хүнс, хүнсний ногоо хилээр нэвтэрсэн. Одоо хэр зогсоогүй бололтой. Хил гаалийн ажилтнууд лабораторийн шинжилгээ хийдэг юм уу?!
Химийн орц найрлагатай хүнс хорт хавдар үүсгэхээс гадна хүний удмын санд нөлөөлөх аюултай гэдгийг уншиж сонсоогүй насанд хүрсэн хүн бараг байхгүй дээ. Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш эмзэг асуудал. Хавдрын эмнэлгийн оочер дугаарыг нэг л удаа очоод харахад өнөөдөр хорт хавдар ямар их хүрээгээ тэлснийг төвөггүй ойлгоно.
Манай улсын хувьд бүр Төрийн тэргүүний түвшинд хүнсний аюулгүй байдлын асуудлыг нухацтай ярьж байсныг үгүйсгэхгүй. АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Х.Баттулга 2019 оны 05 дугаар сарын 06-нд Төрийн ордонд болсон “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг дээр “Хүнсний хангамж нь олон эх үүсвэртэй байх асуудал ихээхэн доголдолтой явж ирсэн бөгөөд хүнсний ногооны хангамжийг ихээхэн хэмжээгээр импортоор шийдэж ирсэн байдал арилахгүй байна. Уг нь дотоодын төмс, хүнсний ногооны жилийн нийт хэрэгцээ тийм ч их биш 370 мянган тонн орчим байгаа. Үүний 180 мянган тонныг төмс, 190 мянган тонныг бусад хүнсний ногоо бүрдүүлдэг. Ийм хэмжээний тариалалт, үйлдвэрлэл явуулах нөөц бидэнд хангалттай бий. Гэтэл 2018 онд хүнсний ногооны хэрэгцээний ердөө 42 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Аль 10 жилийн өмнө 2009 оноос эхлэн дотоодын төмсний хэрэгцээг 100% хангах хэмжээнд хүрсэн боловч одоог хүртэл гаднаас төмс зөөсөөр л байна. Хүнсний нарийн ногооны хэрэгцээний 90 гаруй хувийг импортоор хангаж байна. Импортын хүнсний ногооны нөөц, хангалт, хадгалалт, түгээлт, тээвэрлэлтийг Барс худалдааны төв дээр зохицуулж, хүнсний ногооны үнийг тэнд тогтоож байгаа монопол тогтолцоог халах шийдлийг бид ярих ёстой болж байна” хэмээн мэдэгдэж байв.
МАН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 13-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал нь Монгол хүний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл бид хүнсээ сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал Монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын ҮАБ, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах явдал онцгой чухал асуудал болж байна” гээд “Хүнсний хувьсгал” хийж гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлж билээ. Сүүлийн хоёр Ерөнхийлөгч уг нь маш зөв зүйтэй уриалга гаргасан боловч тэр чиглэлээр ажил хэрэг болсон зүйл байна уу? Өөрсдөө хэр зэрэг шахаж шаардсан бол? Үнэхээр цөөхөн монголчуудаа хамгаалья, хөгжүүлье гэвэл хүнсний аюулгүй байдалдаа анхаарах ёстой биз дээ?! Одоо энэ асуудлыг Засгийн газар, салбарын яамны түвшинд дахин онцгойлон нухацтай ярих цаг болсон байна!
Д.Лхагва