Уг нь монголчууд мөс жудаг сайтай, ахмад хүнээ хүндэлдэг, ахмад настнууд нь хүүхэд, залуустаа үлгэр үзүүлдэг, хэн хүнгүй зөв үгийг тусгаж авдаг байсан юм даа. Одоо нэг л их дур дураараа аашилсан, хэл амаа билүүдсэн, бусдыг дарамталсан, ач тусыг хоолтойгоо хольж идсэн, хүнийг өрөвдөх, хайрлах, ойлгох сэтгэлгүй, харьцуулж, эргэцүүлж бодох чадваргүй хүн чанарын хомсдолтой хүн дүрст бичнүүд болж хувирч ээ. Үерийн аман дээр битгий буу гэхэд байгалийн гамшигийг даран сөнөөдөг баатар мэт сөрсөөр байгаад үлдэнэ. Эцэст нь гамшиг болоход төр засаг, дугаар хорооны иргэнд бурууг чихэж “Хохирол барагдуул” хэмээн тэнхээ мэдэн орилно. Аянга цахилгаантай үед гэрээсээ гарч болохгүй гэдэг анхааруулгыг үл тоож яваад аянгад цохиулна. Мөс цөмрөх аюултай гэж хэлсээр байхад нуур руу машинтай ороод живнэ, үхэх шахна! Аадар бороо орох тул гол усны аюулаас сэрэмжил гэж анхааруулсаар байхад бөөн бөөнөөрөө очиж архидахаас гадна, гэр майхан барьж аархаад золүй явдлын золиос болно. Орон нутгийн замд хурдаа тохируул, битгий гүйцэт түрүүл, ядарсан үедээ бүү жолоо барь, архи дарс уусан үедээ саатсан газраа хоногло, үер ус ихтэй үед холын замд гарч болохгүй гэсээр байхад яг эсрэг үйлдэл хийж өөрийхөө ч, өрөөлийн ч амь нас, эрүүл мэндийг хохирооно…Нийгмийн халдварт өвчин дэгдэж бна, эрүүл ахуйн дэглэм сахь гэж сэрэмжлүүлсээр байхад эмчилгээний анхан шатны мэдлэггүй байж зөрөн хэнэггүйтэж өчнөөн олон хүнд, учраа мэдэхгүй хүүхдүүдэд вирус тарааж гай удна…
Монголчуудын тэнэг дураараа зан эцсийн эцэст өөрийг нь, өөрсдийг нь, нийгмийг бүхэлд нь хорлож байна!
Д.Лхагва